Монгол Улсад нийт бизнес эрхлэгчдийн дийлэнх хэсгийг жижиг дунд бизнес эзэлдэг бөгөөд санхүүгийн байгууллагуудаас үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байдаг. Харин дүүргүүдийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсүүд тэдгээр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид шаардлагатай санхүүжилтийг илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээг түлхүү үзүүлж, ойрхон ажиллаж байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн хувьд 2017 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй, санхүүгийн дэмжлэгийг 177 иргэний үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд нь зориулан 566,210,000 төгрөгийн 2-4 жилийн хугацаатай хүүгүй зээл олгосон байна.
Тэгвэл энэ удаа тус дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санхүүгийн дэмжлэг авч жижиг дунд бизнес эрхлэгч “Миний эцсийн зорилго Монгол гэдгийг ухаарсан” хэмээн ярих дуртай иргэн Л.Мөнх-Алдартай ярилцлаа.
Тэрээр хийж бүтээхийн төлөө амьдарч байгаа мянга мянган Монгол залуусын нэг. Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн байрны доод давхарт өөрийн жижиг үндэсний үйлдвэрлэлийг эрхэлдэг. Л.Мөнх-Алдар нь зэс, гууль ашиглан үндэсний уламжлалт гэр ахуйн хэрэглэл болох домбо, хусуур, шанага зэргийг хийж худалддаг. Одоо монгол аяга, айргийн сав, хувин, архины гүц хийж үзэхээр сонирхож байгаа гэлээ. Түүний баримталдаг зарчим бол байхгүй юмыг л хийх гэнэ. Дарханы ажил жирийн бидэнд мэдээж хэцүү санагддаг. Гэхдээ тэр энэ ажлыг амьдралын шаардлагаар биш дур сонирхлоороо хийж байгаагаа онцолсон юм. Түүний ажлын байранд шаардлагатай түүхий эд, тоног төхөөрөмжөөс гадна Төрийн далбаа, Чингис хааны зураг, хамгаас хайртай хүмүүс нь болох эхнэр, гурван хүүхдийнх нь зураг өлгөөтэй байсан юм. Түүнтэй ярилцах үеэр урлан бүтээх авьяас нь удам дамжсан төдийгүй Төрийн соёрхолт, Ардын зураач агсан Г.Одонгийн том ач гэдгийг нь мэдэж авсан юм. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг элдэв чимэг хачиргүйгээр хүргэе.
-Яагаад ийм бизнес эрхлэх болсон талаар яриагаа эхлүүлье.
-Бизнес гэхээс илүү дуртай ажил минь юм даа. Миний аав, ах, дүү зураач, дархан хүмүүс бий. Удам дамжсан авьяас гэх үү дээ. Би хүний газар удаан амьдарсан. Тэгж дэмий тэнэж явахдаа Монголдоо харьж өөрийн орон зайг эзлэх хэрэгтэйг ойлгосон юм. Баруун гараа ч гэмтээсэн. Байгалиас заяасан авьяасаа хөгжүүлж суугаа нь энэ гэх үү дээ.
Та гадаад руу ямар зорилгоор анх явсан бэ?
Анх гадаадад очиж ажиллах зорилгоор явсан. Ажил хийгээд нэлээд олон жил дэмий тэнэсэн. Нэг л өдөр за болъё, төрөлх нутагтаа очиж юм хийе гэж шийдсэн хэрэг. Нөгөө талаас өөрийн гэсэн орон зайтай болъё гэсэн бодолтой ирсэн. Энд ирэнгүүтээ эхний гурав дөрвөн сар юу хийхээ бодсон. Манай хамгийн бага дүү энэ ажлыг санал болгосон юм. Ажлаа хийж эхлээд анх домбо хийж байсан. Ер нь шинэлэг зүйлийг хийж, туршиж үзэх сонирхолтой.
Анх ажлын гараагаа эхлэхэд санхүүжилтээ хэрхэн шийдсэн вэ?
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс жижиг дунд бизнес эрхлэгч нарт олгодог 3 сая төгрөгийн эргэн төлөлттэй 2 жилийн хугацаатай зээлийг өнгөрсөн жил авсан. Анх бол тус хэлтэс дээр очоод надад ийм зүйл хийх бололцоо төлөвлөгөө байна гэсэн. Тэд нар маань тийм бол дэмжинэ. Тэгээд харилцан холбоо тогтоож миний нөхцлийг үнэлээд боломж олгосон. Хүн итгээд дэмжээд санхүүжилт өгч байхад би итгэлийн алдахгүй ажиллах юм сан гэж их бодогддог. Анхны хийсэн бүтээл маань хамгийн үнэтэй санагддаг. Гэхдээ улам сайжруулаад ажиллаж байна. Хоёр хүнтэй ажлаа явуулж байна. Цаашид хүнээ нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Орчин цагтай хөл нийлүүлэн ажиллахын тулд тоног төхөөрөмж шинээр авах шаардлага болж байна. Үүнийг дагаад мэргэжлийн хүн ажиллуулах сонирхол байгаа. Олон улсын чанартай тэмцээнд үндэсний үйлдвэрлэл болгох бололцоо байна. Учир нь надад хийх арга технологи нь байна. Зөвхөн хийх нөхцөл нь санхүүжилт хүнд. Банкнаас санхүүжилт авахад хүү нь өндөр, зарим газрын босго өндөр, барьцаа авна. Зээлийн батлан даалт гээд олон шалгуур байдаг шүү дээ.
Дахиж зээл авах боломжтой юу?
Хэрэв би эргэн төлөлтийг тасралтгүй тогтвортой төлж чадах бол ямар нэгэн байдлаар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс дэмжлэг үзүүлэх бололцоо нь байна гэж би бодож байна. Үйл ажиллагаа явуулахад хөрөнгийн асуудал маш их гардаг. Одоогоор түрээсийн байранд байгаа ч ажлын байраа томсгоод чадлынхаа хэрээр нэг хүнийг ч болов ажлын байртай болгохын зорьж байна даа.
Домбо хийхэд хэр их хөдөлмөрлөх вэ. Та хоёр өдөрт хэдэн цаг ажиллаж байгаа вэ?
Миний дурын л асуудал шүү дээ. Би энэ ажлыг дурандаа хийж байгаа. Хэзээ ч хамаагүй хаашаа ч явчихна. Намайг хэн ч хорихгүй. Дуртайдаа л ингээд сууж байна. Гол нь мөнгөндөө биш хийж бүтээж байгаадаа байгаа юм. Харин манай энэ залуу маань өдрийн 8 цагаар ажлаа хийж байна. Би өөрийнхөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл заахыг хичээдэг юм. Даанч үйлдэл нь таалагдахгүй болохоор залуучууд ийм ажил хийх нь бага байна. Одоо ч ганц нэг хүн сураглаад байж байгаа. Уг нь юм заалгаад байвал өөрсдөд нь хэрэгтэй баймаар.
Захиалсан зүйлсийг нь хийж өгөхөд ямар мэдрэмж төрдөг вэ?
Эхэндээ жаахан санаа зовдог байсан. Таалагдахгүй бол яанаа гэсэн айдас байдаг байлаа. Ямар ч юмыг олон дахин давтаж хийгээд ирэхээр төгс болно. Тэр төгс зүйлийг минь хүмүүс ахуй амьдралдаа хэрэглэж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм. Ер нь хэрэглэгч нар маань их л сайхан хүлээж авсан.
Нэг домбо хэр хугацаанд гарах вэ?
Улайраад суучихвал өдөрт 2-3-ыг гаргачихна. Хэтэрхий улайрвал халтуур болчихоод байдаг юм. Хайнга хандчихгүйн тулд хоёр өдөрт нэгийг гаргаад байхад асуудал байхгүй.
Зэс хүний биед олон ашиг тустай гэдэг дээ.
Зэс хүний биед олон талын ач тустай метал. Эрүүл мэндийн энэхүү ач холбогдлыг нь бидний өвөг дээдэс эртнээс судалж мэдэн зэсийг өдөр тутмын амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэсээр ирсэн түүхтэй. Зэс сав суулга, аяга хэрэглэдэг байх үедээ монголчууд олон төрлийн халдварт өвчнөөс ангид байж чаддаг байв. Энэ бол хэдэн зуун жилийн турш үе дамжин уламжлагдаж ирсэн монгол эрүүл ахуйн өв соёл. Үүнийгээ бид үр хүүхэддээ өвлүүлж, ашиг тусыг нь таниулж байх хэрэгтэй.
Гэр бүлийн хүн тань таны ажлыг хэр ойлгодог вэ?
Дэмжилгүй яахав. Энэ чинь бол гэр бүлийн бизнес болсон. Намайг үнэлж, юу бодож байгааг минь мэдэж байгаа болохоор бүгдийг сайн ойлгодог. Эхнэр хүний дэмжлэггүйгээр эр хүн урагшаа яаж алхах вэ дээ.
Гараа гэмтээгээгүй байсан бол зургаа зурах байсан уу. Зураач мэргэжилтэй гэж сонссон?
Зураачийн авьяас надад бий. 2004 онд гараа гэмтээсэн юм. Баруун гар болохоор хэцүү л дээ. Гэхдээ гараа гэмтээсэн гэмтээгээгүй урлан бүтээх энэ амьдралаас холдохгүй л байсан. Амьдралд бүх юмыг сурч байгаад л эцэст нь үхээд дуусна шүү дээ.
Олон жил гадаадад амьдарчээ. Монголд ч гэсэн хөдөлмөрлөөд сайхан амьдрах боломж их байгаа биз дээ?
Анх Чех рүү гараад сүүлд нь Шведэд ажиллаж байгаад Монголд ирлээ. Монгол хүн юм чинь байх ёстой газраа дасан зохицох нь ойлгомжтой. Одоо бол дажгүй шүү. Анх хийж байснаа бодвол өөрийн гэсэн худалдан авагчтай болчихсон. Сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулаад эхэлсэн.
Иймэрхүү бизнес эрхлээд хэр амьдарч байна. Нууц биш бол сард хэдийг олох вэ?
Гайгүй ээ. Яахав дэгсдүүлэхгүй татаад хэлчихэд сард хэдэн сая төгрөг олчихно шүү.