“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ”- 2018 Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9 -ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Олон улсын байгууллагын төлөөллүүд 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2018 онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөө, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Эрүүл мэндийн байгууллагуудыг 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт- шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр байр эзлүүллээ. Энэхүүү шалгаруулалтанд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдээс Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг гуравдугаар байранд шалгарсан байна.
Тус байгууллагын хамт олон хийж, бүтээсэн ажлын үр дүнгээрээ 2 ч удаа нэгдүгээр байранд шалгарч байсан анхдагч-манлайлагч хамт олон юм.
Дашрамд сонирхуулахад, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хувьд Эрхтэн шилжүүлэн суулгах технологийг эх орондоо анх удаа нэвтрүүлж, амжилттай нутагшуулсан гавьяатай. Улмаар бөөр шилжүүлэн суулгаад 20 гаруй жил, Элэг шилжүүлэн суулгаад 7 жил, цусны үүдэл эс чөмөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд даруй 4 жил болж байгаа аж. 2008 оноос хойш АНУ-ын Вертү сантай (Virtue Foundation) хамтран ажиллаж нүдний мэс заслыг Монголд хөгжүүлэх хүрээнд 10 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Мөн БНСУ-ын Католикийн их сургуулийн Гэгээн Мария эмнэлэгтэй хамтран 2014 оноос хойш Ясны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах өндөр технологийг нутагшуулах хамтын ажиллагаатай юм байна. Түүнчлэн Цусны хавдарын эмчилгээ, хүйн эс, үүдэл эсийн банк бий болгох технологийг эх орондоо нутагшуулахаар өнгөрсөн жилээс хойш ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн сард БНСУ-д хүнд эмчилгээнд орсoн иргэдэд зориулж “Эмчилгээний дараах зайн-хяналтын төв”-ийг нээсэн юм.
УНТЭ эмчилгээ үйлчилгээг хүндээ хүргэе хөдөө орон нутгаас хотруу, Монгол улсаас гадаад руу эмчилгээнд явдаг урсгалыг бууруулж, гэрээсээ хол явалгүй оношилгоо, эмчилгээгээ хийлгэдэг болох нөхцөлийг бий болгох зорилгыг баримталдаг аж. Сүүлийн жилүүдэд эмнэлэг эмч, сувилагч, эмзүй, эмнэлгийн техник, эмнэлгийн үйл ажиллагааны дэмжих баг, удирдлагын баг гээд багаар нь сургах тал дээр анхааран ажиллаж байгаа хамт олон юм.