Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг Баянгол дүүргийн 15-34 насны залуучуудыг хамруулан энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээний нээлт өнөөдөр Барилга политехникийн коллежид боллоо.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ахлах мэргэжилтэн Д.Хадхүү, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа болон Баянгол дүүргийн 15-34 насны 50 гаруй гарааны бизнесээ эхлүүлэх хүсэлтэй залуучууд оролцож байна.
Энэхүү арга хэмжээг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Стартап Монгол ТББ, Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ төслийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, дэмжих, залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай болгоход чиглэж байгаа юм.
Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр:
Өнөөдрийн энэ арга хэмжээнд зориг гарган, санаачлагатайгаар оролцож байгаа Баянгол дүүргийн эрч хүчтэй залуучууддаа баяр хүргэж, амжилт хүсье. Арга хэмжээг зохион байгуулахад ямар нэгэн төрийн байгууллагын оролцоогүй, залуучууд өөрсдөө төслөө танилцуулж, тэндээс мэргэжлийн баг хамт олон танилцаж шүүж, шилдгийн шилдэг нэг төслийг шалгаруулах юм. Швецарийн хөгжлийн агентлаг, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж манай залуучуудад ийм том боломжийг олгож байгаад баяртай байна. Залуучуудын хувьд энэ төсөлд хамрагдаад ялагч болж 10 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтын эзэн болохоос гадна сургалтын үеэр маш их мэдлэг, мэдээлэл хуримтлуулдаг. Өмнөх хөтөлбөрийн үед Баянгол дүүргээс арьсан цүнх хийдэг Ливон багийн залуучууд маань шилдгээр шалгарч 10 сая төгрөгийн буцалтгүй хөрөнгө оруулалтыг авч одоогоор үйлдвэрлэлээ эрхлээд явж байна.
Сургалт, арга хэмжээнд хамрагдаж буй залуус нь гарааны бизнес эрхлэлтийг хэрхэн хөгжүүлэх, гарааны бизнест өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх талаар мэдлэг, мэдээлэл авахын зэрэгцээ гарааны бизнес эрхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг авах юм. Түүнчлэн гарааны бизнес одоо эрхэлж буй залуусын хувьд бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл мөн олж авах боломжтой тул залуучууд та бүхэн идэвхитэй хамрагдаж их зүйлийг сураарай.
Үүнээс гадна Баянгол дүүрэгт "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг ирэх нэгдэх өдөр нээх гэж байна. Энэ төв бол зөвхөн залуучууд та бүхэнд зориулагдсан төв байх болно." хэмээлээ.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа:
"Туршилтын хөтөлбөрийн хүрээнд шилдэг 10 бизнес санааг шалгаруулж, гарааны бизнесийг дэмжих загвар схемийн дагуу шалгарсан багуудыг 3 өдрийн сургалтын хөтөлбөрт хамруулах юм. Энэхүү сургалтын үеэр бизнес санаагаа хөгжүүлж, бизнес төслөө шүүгчдийн өмнө танилцуулах ба төслийн хүрээнд 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах шилдэг багийг шалгаруулна. Залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих зорилгоор шалгарсан нэг багийг цаашид "Гарааны бизнесээ хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөр"-т төслөөс хамруулдаг. Тухайн баг сургалтыг амжилттай дүүргэснийхээ дараа санхүүгийн дэмжлэгээ хүлээж авах юм." хэмээлээ.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Залуучуудын гарааны бизнесийг дэмжих загвар схемийн дагуу Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүрэгт залуучуудын гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөрийг туршин хэрэгжүүлсэн ажээ.
Төслийн хүрээнд дээрх аймаг, дүүргүүдэд залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээг зохион байгуулж, шалгарсан гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн хурдасгуур хөтөлбөрт хамруулсан байна. Улмаар хурдасгуур хөтөлбөрт амжилттай хамрагдсан нийт 16 багт тус бүр 10 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Энэхүү гарааны бизнесийг дэмжих цогц хөтөлбөрт гарааны бизнес эрхлэх сонирхолтой нийт 941 залуус оролцож, бизнесийн санаагаа хэрхэн сайжруулж хөгжүүлэх, боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалт босгох талаар онолын мэдлэг практик чадварыг эзэмшжээ.