Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил олон улсын тэмцээн, уралдаанд онцгой амжилт гарган эх орныхоо нэрийг дэлхий дахинаа өндөрт өргөж яваа МУГЖ, дуурийн дуучин Э.Амартүвшинг Монгол Улсын Соёлын элчээр томилж гэрчилгээ гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газар, ГХЯ Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгаж, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөж яваа иргэнээ Монгол Улсын Соёлын элчээр томилж буй нь эх орноо гадаадад сурталчлах үйл хэрэгт хамтран ажиллах боломжийг нээж байна хэмээн сайд Ц.Мөнх-Оргил гэрчилгээ гардуулах үеэр онцлон тэмдэглэв.
МУГЖ Э.Амартүвшин Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа эх орноо гадаадад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна дэлхийн бусад улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ГХЯ-тай хамтран ажиллах юм.
Тэрбээр Мариинскийн их театр, ЮНЕСКО-гийн танхим, Ослогийн дуурийн театр, Стэнфордын концертын танхим, Германы Киелийн театр гэх мэт алдартай тайзнаа ая дуугаа өргөж яваа билээ. П.И.Чайковскийн уралдааны дэд байр, BBC Cardiff of singer-ийн үзэгчдийн таашаалд нийцсэн дуучин, Пласидо Домингогийн уралдааны ялагч тэрбээр энэ оноос Герман, Италид ажиллаж эхлээд байгаа юм.