Одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 14-ний өдөр А.Лхагвасүрэн захиралтай “Ласти интернэшил” ХХК-ны захиалгаар “Ласти Таун” хотхоныг “Мастер Стар Контракшн” ХХК хоёр сарын хугацаатай барьж гүйцэтгэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Ингэхдээ хамтын ажиллагааныхаа гэрээг нотариатаар баталгаажуулаагүй аж.
Гэрээнд ажил гүйцэтгэлийн төлбөрийг 241 сая төгрөгийн өртөгтэйгөөр тусгажээ. Гэвч хоёр сар хийгдээд дуусах ажил нэг жилийн хугацаанд үргэлжилжээ. Энэ хугацаанд ажил гүйцэтгэлийн гэрээг хоёр удаа, гэрээний ажлын хөлс олгох заалтыг гурван удаа өөрчилсөн байна.
Эцэст нь гүйцэтгэгч талын ажил олон сараар сунжирч гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй, давхар өрөнд орох байдалд хүрчээ. Ийнхүү төлбөрөө нэхэмжилсэн “Мастер Стар Контракшн” ХХК-ийн захирал Ч.Халиунааг “Ласти интернэшил”-ийн А.Лхагвасүрэн зодож танхайран, зүй бус үг хэллэгээр доромжилсон үйлдэл гаргасныг өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж нийтэд мэдэгдсэн юм.
Бид “Мастер Стар Контракшн” ХХК-ийн захирал Ч.Халиунаагаас дараах тодруулгыг авлаа.
-А.ЛХАГВАСҮРЭНГИЙН ГУЙЛТААР ХУВИЙН ЭД ХӨРӨНГӨӨ БАРЬЦААЛЖ ЗЭЭЛ АВСАН. ОДОО ӨРИЙН ДАРАМТАД ОРСОН-
-“Ласти интернэшил” ХХК-д танай компани ямар барилгын ажил гүйцэтгэв. Анх гэрээ байгуулахдаа төлбөрийн нөхцөлөө ямар байдлаар хийнэ гэж тохиролцсон юм бэ?
-“Мастер Стар Контракшн” ХХК-ийн захиарал Ц.Халиунаа миний бие 2015 оны есдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн “Ласти интернэшил” ХХК-ны Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдаж байсан “Ласти Таун” хотхоны барилга дээр хамтран ажиллахаар Захирал А.Лхагвасүрэн болон түүний багын найз болох тус барилгын хөрөнгө оруулагч Ч.Жамъянсүрэн нартай итгэлцлийн гэрээ байгуулж хамтран ажилласан. Итгэлцлийн гэрээний зарчмаар А.Лхагвасүрэнтэй хоёрхон сарын хугацаатай гэрээ байгуулан, түүнийгээ нотариатаар баталгаажуулаагүй юм. Гэтэл өнөөдөр энэ гэрээ худал хуурмаг хүмүүсийн хууль бус үйл ажиллагааных нь халхавчлах хэрэгсэл болж хуулийн өмнө хангалттай нотлох баримт болж чадахгүй хэмжээнд хүрчхээд байна. Хоёрхон сарын гэрээтэй ажлыг захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болж нэг жилийн хугацаанд барилгын ажлаа хийж байна. Гурван төрлийн гэрээ байгуулсан. Үүнд 32 сая төгрөгийн 14 хоногийн хугацаатай гэрээ, 164 сая төгрөгийн буюу дотор заслын гэрээ, 96 сая төгрөгийн гэсэн гэрээнүүдийг байгуулсан. Гэвч юу ч авч чадалгүй өдийг хүрлээ. Хороололд гурван өрөө байр өгсөн ч өмчлөлийн гэрээгээ өгөөгүй л байна.
-Та сая захиалагч талын буруутай үйл ажиллагаа гэж ярилаа. Үүнийгээ тодорхой ярихгүй юу?
-Захиалагч талын ажил хоорондын уялдаа, дотоод зохион байгуулалт үнэхээр муу байсан. Барилгын ажлын бараа материалыг хугацаандаа нийлүүлэхгүй уддаг. Үүнийг нь хэлэхэд өөдөөс “Маргааш мөнгөтэй болно, долоо хоногийн дараа хөрөнгө оруулалт шийдэгдэнэ. Та нар өөрсдийн боломж бололцоогоороо зээл аваад ажлаа явуулж байгаач. Эсвэл барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө байвал дүүдээ өгөөч, би өөрөө зээл авчихъя” гэх мэтээр ярьдаг байсан. Тэгээд л А.Лхагвасүрэнгийн гуйлтаар хувийн өмч хөрөнгөө барьцаалж зээл аваад хүртэл тусалсан. Ингээд тэд гэрээн дэх ажлын хөлсний урьдчилгаа болон гүйцэтгэлийн төлбөрүүдээ төлөөгүй удсанаас, ажил гүйцэтгэх хугацаа хойшилж бид маш их хэмжээний зээлийн дарамтад орж эхэлсэн.
-Та сая А.Лхагвасүрэн гэх хүн дээр гүйцэтгэлийн төлбөрөө нэхэмжилж очоод зодуулсан гэж ярилаа. Тодорхой ярихгүй юу?
-Одоогоос хоёр жилийн өмнө гэрээний үүргээ биелүүлээч гэдэг шаардлагыг тавихад зүй бус үг хэллэгээр доромжилж миний биед хоёр эрэгтэй хүн халдсан. Тухайн үед тохой болон өвдөгний үендээ гэмтэлтэй, гуяндаа хөхрөлт няцралттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан.
-Та хууль хүчний байгууллагынхныг ямар шалтгааны улмаас буруутгаж байна вэ?
-Гомдол гаргасан цагаас эхлээд хуулийн байгууллагынхны хууль бус ажиллагаанууд илэрч эхэлсэн. 99.1 буюу хөнгөн зэргийн гэмтэл гэж зүйлчилсэн. Би үүнийг өөрчлүүлэх хүсэлтэй байсан ч эцэстээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шинжээчийн дүгнэлт гаргуулах гээд очиход анх эрэгтэй эмч миний биед үзлэг хийсэн. Гэтэл шинжилгээний хариунд Ө.Сарангэрэл буюу эмэгтэй хүний гарын үсэг зурагдсан байсан. Тус дүгнэлтийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэгч н.Баярлхагва хүлээж авсан ч, надад үзүүлээгүй өдийг хүрсэн. Тухайн хэрэг гарах үед миний дэргэд байгаагүй хоёр хүнээс гэрчийн мэдүүлэг хүртэл авч, түүнийг нь үндэслэн хэргийг хаасан байгаа юм. Тухайн хоёр хүний нэг нь сэжигтний өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн гэдэг хүн юм билээ. Тэр хүн гэрчээр ч оролцож, өмгөөлөгч ч хийсэн. Энэ бол хууль бус үйлдэл.
-А.Лхагвасүрэнд зодуулснаасаа хойш дахин холбогдсон уу?
-Сүүлд утсаа салгах замаар зугтаад олдохоо болиод байсан. Өмнө нь “Хуулийн байгууллагаар яваарай. Чамайг юу олж долоохыг чинь харна аа” гэж надад хэлдэг байсан.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
5
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
5
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа