Ам, хамраа аятайхан дараад найтаачихаж чаддаггүй хүмүүс үү бид!



Ажил алба ихтэй цаг нартай уралдан гүйж явахад хүүхэд өвдөх нь хамгийн их сэтгэл өвтгөсөн хэрэг болдог. Ийм тохиолдолд ээж аавууд хүүхдүүдээ хөтлөхийг нь хөтөлж, тэврэхийг нь тэврээд эмч, эмнэлэг рүү аврал эрэн очдог. Өвдөж, шаналсан үедээ бид өөр хэндээ ч найдах билээ дээ. Гэвч хүүхэд өвдөхөд хүргэдэг ханиад томуунаас эхлэн нэрлэж болох халдварт өвчний тохиолдлууд ахуй орчноос, хувийн соёл, ариун цэвэр алдагдснаас үүсдэгийг ээж аавууд, эрүүл мэнддээ санаа тавьдаг иргэн бүр ой санамжиндаа нэг удаа сайтар хийгээд авахад гэмгүй байх. Хамгийн наад захын жишээ бол Улаанбаатарын гудамжинд хаа сайгүй тааралдах нус цэр. Заваан юм бичлээ гэж та бүү зэмлээрэй. Ийм дүр зурагтай бид бүр цаг тутамд тааралддаг нь үнэн. Энгийнээр хэлэхэд нийгмийн энэ замбараагүй төрх, бусдыг үл хүндэтгэсэн, хувийн соёлгүй бүдүүлэг алхам эргээд таны эрүүл мэнд, эдийн засгийг давхар давхар хохироож байгааг л ойлгочих хэрэгтэй.

Ам, хамраа аятайхан дараад найтаачихаж чаддаггүй хүмүүс үү бид! Arslan.mn

Хэн нэгнээс ялгарсан энэ бохир, замбаараагүй шидэлсэн нус цэр таны бяцхан хүүхэд болон таныг, ээж аавыг нь, ойр дотны дархлаа султай хүмүүст сөргөөр нөлөөлж ханиад томуу, сүрьеэ болон бусад халдварт өвчнөөр өвчлөх суурийг тавьж өгдөг байна. Манай улс ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэгд багтдаг. Сүүлийн жилүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэх болсон талаар мэргэжлийн хүмүүс  байнга сануулж байна. Өвчлөл өндөртэй байх шалтгаан нь гудамж талбай, ахуйн бохирдолт болж өгдөг байсан бол сүүлийн үед агаарын бо  хирдол нэмэгдэж, үүний золиосонд бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвчлөх явдал нэмэгджээ. 

Энэ өвчний нян аль ч насны хүмүүст халдварлах боломжтой. Та бидний амьсгалж байгаа бохир орчинд нян нь бат бөх оршиж байдаг аж. Үүнээс гадна хүмүүс өвчнөө мэдэхгүй хүндрүүлж, бусад эрхтэнээ өвчлүүлэхэд нөлөөлдөг байна. Сүүлийн жилүүдэд энэ өвчнөөр 0-4 хүртэлх насны хүүхдүүд өвчилж, тэр нь халдварт менингит болон хүндэрч амь насанд нь аюул учруулж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны сэтгэлийг түгшээх болжээ.

Ам, хамраа аятайхан дараад найтаачихаж чаддаггүй хүмүүс үү бид! Arslan.mn

Жил бүрийн 3 дугаар сарын 24 бол Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр. Дэлхий нийтээр энэ өдрийг сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж, ДЭМБ-ын гишүүн орнууд хүн амдаа энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчилан таниулах ажлыг нэгэн зэрэг хийдэг. Манай улс ч энэ өдрийг тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.

Сүрьеэ нь янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс дээш олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин. Сүрьеэгийн савханцар нь газарт, цасанд, спиртэнд, хүчил, шүлтэнд тэсвэртэйгээрээ бусад нян, бактериудаас ялгаатай. Зөвхөн өндөр температур, нарны шууд туяа ба хлор агуулсан бодист үхждэг байна. Хүүхдийн биеийн эсэргүүцэл томчуудыг бодвол сул байдаг бөгөөд хэрэв халдвар авбал сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байдаг..

 

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх арга

  • Халдвартай сүрьеэтэй хүмүүсийг эрт илрүүлж, төгс эмчлэх
  • Сүрьеэгийн эсрэг вакцин хийлгэх
  • Биеийн дархлааг сайн байлгах

Сүрьеэгээр ямар эрхтэн өвчилдөг вэ?

Сүрьеэгийн нянгаас болж гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушгины сүрьеэгээр өвчилсөн байна. Учир нь сүрьеэ өвчин голдуу амьсгалын замаар халдварладаг.

Сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд

· Тэжээл багатай чанаргүй хооллолт

· Архи хэтрүүлэн хэрэглэх

· Тамхи татах

· Чихрийн шижин

· Шимэгч хорхойн халдвар

· Архаг хууч өвчнүүд

· Орон байрны нөхцөл муу байх

· Ажлын нөхцөл муу байх

Зөвхөн уушгины сүрьеэгээр өвчилсөн, цэрний шинжилгээнд нь сүрьеэгийн нян эерэг байгаа хүн ханиах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж бусдад халдвар тараах боломжтой.

Уушгины сүрьеэгээр өвчилсөн үед дараах шинж тэмдэг илэрнэ

· 2 долоо хоногоос дээш хугацаагаар ханайлгах

· Цээжээр өвдөх

· Цустай буюу цэртэй ханиах

· Бие суларч ядрах, халуурах

  • Шөнөдөө хөлрөх

Сүрьеэ эдгэрдэг өвчин

Та сандрах хэрэггүй. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Та дараах санамжийг анхааралтай уншиж мөрдөөрэй.

· Та эмчийн хяналтанд сүрьеэгийн эсрэг эмийг 6-12 сар хүртэлх хугацаагаар уух шаардлагатай.

· Эмчилгээний явцад эмийн гаж нөлөө илрэх, удаан хугацаагаар эм уух нь танд төвөгтэй санагдаж болох ч энэ нь таны эдгэрэх цорын ганц зөв арга юм.

· Та эмчийн зөвлөсний дагуу хяналтын шинжилгээг цаг тухайд нь өгч эмчилгээний явцын тухай асуух боломжтой.

· Ар гэрийн ойр дотны хүмүүсээ харъяа аймаг, дүүргүүдийн сүрьеэгийн диспансерт шинжилгээнд хамруулаарай.

 
  Эх сурвалж: Өглөөний сонин 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ