И.БАТЧУЛУУН: ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХҮН БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ



"Хүүхэд хамгаалал" аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуунтай ярилцлаа.

Нийслэлийн Цагдаагийн газарт Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулаад 4 сар болж байна. Энэ хугацаанд хийсэн ажлын талаар ярина уу?

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 45.1 хувь буюу бараг 2 хүн тутмын нэг нь Нийслэл хотод оршин сууж байна. Нийслэлийн хүн амын 34 хувийг 0-18 насны хүүхэд, залуучууд эзэлж байгаад цагдаагийн байгууллагаас анхаарч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/234 дүгээр тушаалаар Нийслэлийн цагдаагийн газар Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулсан юм.

Хэлтэс байгуулагдсанаас хойш багагүй ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүллээ.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадна орчны болон замын аюулын эрсдэлийг тодорхойлж, автозамын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагчийн судалгааг гарган, гэрэлтүүлэг, камерын хяналт, автозамын тэмдэг, тэмдэглэгээг нэмж хийх саналыг Нийслэлийн захирагчийн ажлын алба, Автозамын хөгжлийн газарт тус тус хүргүүлсэн. Энэ удахгүй ажил хэрэг болно. 
Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тээврийн газартай хамтран 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд 500 орчим хүүхдийг 12 чиглэлийн 12 автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэж, сургуулийн орчинд зөрчил, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаа. 
Энэ ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас эргүүлийн чиглэл ажиллуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургуулиас сурагчдыг автобусанд хүргэх, нийтийн тээврийн газраас сурагчдын хүрэх газарт саадгүй хүргэх чиг үүрэгтэйгээр хамтран ажилласан. Үүний үр дүнд 1548 хүүхдийг автобусаар гэрт нь хамгийн ойр цэгт хүргэх ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй, эцэг эх, сурагчдын талархал, дэмжлэгийг авсан ажил болсон доо. 
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн орчны эрсдэлийг тодорхойлж, сургуулийн ойролцоо байрлах цахим тоглоомын газар, зочид буудлын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Цахим тоглоом” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлд хотод зохион байгуулсан. 
Мөн хулгайлах гэмт хэрэг болон хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургууль, 20 аж ахуй нэгж байгууллагад сургалт, ухуулга нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан.

Хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэрэг ямар түвшинд байгаа вэ?

Нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд насанд хүрээгүй хүмүүсээс нийт 134, 2018 оны 1 дүгээр улиралд 68 гэмт хэрэг үйлдсэн нь өмнөх оны мөн үеэс 66 нэгжээр буюу 49,2 хувиар буурсан байна. Насанд хүрээгүй хүүхдүүд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдэж байна.

Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана, хэнд мэдэгдэх боломжтой вэ?

Ямар ч хүн зөрчил, гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гомдол, мэдээллээ өгөх, өөрийн биеэр өргөдөл гаргаж болно. Мөн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авах 107, хүүхдийн тусламжийн төвийн 108 дугаарын утсанд холбогдох мэдээллийг өгөх боломжтой. Эдгээр утас 24 цагийн турш үнэ төлбөргүй дуудлага, мэдээлэл хүлээж авдаг.

Эцэг эхчүүдийн зүгээс цахим тоглоомын газрын үйл ажиллагааг их шүүмжилдэг. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Манай Улсад 416 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 296 цахим тоглоомын газар Нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. 
Цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, байгууллага орон сууцны 1 дүгээр давхар, зоорийн давхарт үйл ажиллагаа явуулах, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, садар самуун, хүчирхийлэл сурталчилсан тоглоом тоглуулах, 9 насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлэх, бичиг баримт, эд зүйлс барьцаалан иргэдэд үйлчлэх, согтуурсан мансуурсан иргэнд үйлчлэхийг журмаар хориглосон байдаг. 
Мөн цахим тоглоомын газар нь 23 цаг хүртэл үйлчилгээ үзүүлэх бөгөөд 9-16 насны хүүхдэд зуны улиралд /04-р сарын 01-ээс 10-р сарын 10-ний хооронд/ 20:00 цаг хүртэл, өвлийн улиралд /10-р сарын 01-ээс 04-р сарын 01-ний хооронд/ 18:00 цаг хүртэл, 1 удаад 2 цагаас хэтрэхгүйгээр үйлчлэх ёстой. 
Харамсалтай нь цахим тоглоомын үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүд хэдхэн төгрөгийн ашгийн төлөө дээрх хориглосон заалтыг тэр бүр мөрдөхгүй, удаа дараа зөрчил гаргаж байна. Цагдаагийн байгууллагаас журмын хэрэгжилтийг хангах зорилгоор цахим тоглооомын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, торгуулийн арга хэмжээ авах, бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах санал гаргах зэргээр шийдвэрлэж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн орчин ямар байгаа вэ?

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Эрүүгийн болон Зөрчлийн тухай зэрэг олон хууль тогтоомж байдаг. Хамгийн сүүлд л гэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр” батлагдсан. Хамгийн гол нь иргэд хууль тогтоомжийн зохицуулалтыг сайн мэдэж байх шаардлагатай. Зөвхөн Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдийн эсрэг 11 үйлдлийг гэмт хэрэг байхаар хуульчилсан.

Сургуулийн орчны аюулгүй байдал ямар байгаа вэ?

Манай хэлтэс оны эхнээс л Нийслэлийн ерөнхий боловсролын ялангуяа 3 ээлжээр хичээллэдэг сургуулийн орчны аюул, хүүхдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох эрсдэлийг илрүүлэх, арилгах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Тээврийн газар зэрэг байгууллагатай хамтран ажилласан. Судалгаагаар хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирч болох хэд хэдэн эрсдэл тогтоогдсон. Тухайлбал: эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэх, буцааж авахгүй байх, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, гэрэлтүүлэг, камерын хяналт, сургуулийн автобус зэргийг дурьдаж болно.

Хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллах шаардлагатай вэ?

Хүүхдийн суурь боловсрол, хүмүүжил онцгой анхаарах шаардлагатай. Хичнээн сурлага сайтай хүүхэд байгаад нөхдийнхээ эд зүйлийг зөвшөөрөлгүй авдаг хүүхэд ирээдүйд яах вэ. Мөн эцэг эхчүүдийн хараа хяналт, үл гэр дуурайлал чухал. Хүүхдээ гарцгүй газраар 3 удаа дагуулан зам гарч сургуульд нь хүргэж өгөөд, дараагийн удаа ганцааранг нь явуулахад хүүхэд гарцгүй газраар явах жишээтэй. Мөн хүүхэд хамгааллын асуудлыг зөвхөн төр, цагдаагийн байгууллагын асуудал мэт ойлголт, гэмт хэрэг зөрчил үйлдсэн, өртөж хохирсоны дараа нь санаа тавьдаг асуудлыг дуусгах цаг болсон. Үүнийг төрийн байгууллга, иргэд хамтран хэрэгжүүлнэ.

“Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд явуулж байгаа. Энэ талаар ярина уу?

Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын баталсан “Хүүхэд хамгаалал” ерөнхий арга хэмжээг улсын хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаатай зохион явуулж байна. 
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаа, Боловсрол, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Айзарзоне ХХК, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд хамтран “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, халдлага, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах ажлыг эрчимжүүлэх” өдөрлөгийг Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулж ажилласан. 
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч зэрэг нийт 5000 гаруй иргэнийг оролцуулан “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээ, анхаарах асуудал, эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо” зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, TV-5 телевизтэй хамтран “Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгая” өдөрлөгийг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон доо. 
Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй, нэгж, байгууллага, баар, цэнгээний газруудын цагийн хувиар, насанд хүрээгүй хүнд үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих ажлыг нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтэс, мэргэжлийн хяналтын газар, захирагчийн ажлын алба, нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтэстэй хамтран зохион явуулсан. 
Цахим тоглоомын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагийн хувиар хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан нийт 10 интернет, цахим тоглоомын газрыг илрүүлэн харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн “Эмзэг цэг-Хяналт” шалгалтаар үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид болон хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдад хүлээлгэн өгч, сэжиг бүхий явсан 50 иргэнийг шалгаж ажилласан
Удаа дараа цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулж арга хэмжээ авагдсан интернет, цахим тоглоомын газрын судалгааг гарган нийт 20 интернет, цахим тоглоомын газрын бүртгэлийн гэрчилгээг цуцлуулах саналтай харилцаа холбооны зохицуулах хороонд албан тоотоор хүргүүлсэн. 
Хэв журмын урамшилт эргүүл ажиллуулах журмын хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, өргөжүүлэх зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүлийн үйл ажиллагаанд анхаарвал зохих асуудлууд” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг 500 иргэнийг оролцуулж санаа бодлыг нь сонсож ажиллаа. 
Арга хэмжээний хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагаар сэрэмжлүүлэг хүргэж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”, “Интернет, цахим тоглоомын зүй бус хэрэглээ, хор уршиг” сэдвүүдээр мэдээлэл хийсэн. Хүүхэд бол хэлээд өгхөөр бас хүлээж авдаг шүү. Томчуудаас ондоо. 
Цаашид ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа вэ?
Манай хэлтээс цаашид сургууль, сурагч, эцэг эхийн хариуцлагыг сайжруулах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гараас гарт аян”-ыг бүх сургуулиудад хэрэгжүүлэх, ”School police” эргүүлийн үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөвхөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бус сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулах, ерөнхий боловсролын сургуульд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн баримжаа олгох зорилго бүхий “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн үйл ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан ”Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлыг тогтмолжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг биелэлтийг хангахаар ажиллаж байна.
Иргэд, байгууллага та бүхэн цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аяныг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

Танд амжилт хүсэе

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ