Б.БАЯНМӨНХ: Аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой мэдээлэл иргэдээс их ирж байна



Хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэргийн хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан,  иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээулсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнЧиглэлийн ахлах мөрдөгч , Цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнхтэй  ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн “Байгалиа хамгаалья” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд хэр үр дүнтэйявж байна вэ?

Сүүлийн 5 жилийн байдлаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралт, түүнийг дагасан хохирол, хор уршиг нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал 2016 онд 165, 2017 онд 330 гэмт  хэрэг бүртгэгдэж өмнөх оныхоос нэг дахин өссөн. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар  нийт 131 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 51 нэгжээр буюу 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Тиймээс ХЗДХЯ, БОАЖЯ, УУХҮЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн байцаах алба хамтран “Байгалиа хамгаалья” нэгдсэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулаад явж байна. Энэ хүрээнд иргэд олон нийтэд хууль зүйн мэдлэг, мэдээлэл өгөх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Аян эхэлснээс хойш улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, аяны хүрээнд хийсэн ажлын мэдээг 21 аймаг 9 дүүргийн цагдаагийн газар хэлтсээс тогтмол авч, ажлын чиглэл, зааварчилга өгч ажиллаж байна.

Нийт ирсэн тайлангийн үр дүнгээс харахад 7 хоногийн хугацаанд идэвхтэй сайн ажиллаж байгаа Архангай, Ховд, Сэлэнгэ зэрэг аймгууд нийт 7 гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Орхон, Дундговь, Хөвсгөл аймгууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн мөрөөр хяналт, шалгалтуудыг хийж сайн ажилласан байна. Аян дуусахад аяны хүрээнд 21 аймаг 9 дүүргийн хийсэн ажлыг дүгнэж, үр дүн тооцоно.

Аян эхэлснээс хойш энэ төрлийн гэмт хэргийн талаар иргэдийн зүгээс хэр их гомдол, санал ирж байна вэ?

Тус аяны эхний байдлаар үр дүнгээ өгч эхэлсэн гэж хэлж болно. Учир нь төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд олон нийтийн зүгээс тухайн орон нутгийн цагдаагийн газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хандан гэмт хэрэг, зөрчлийн талаар тодорхой мэдээ, мэдээллийг өгч байна. Энэ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд иргэд, олон нийтийн идэвх, оролцоо нэмэгдэж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах цар хүрээ нэмэгдэж байгаагийн илрэл юм. Иргэдийн идэвх, оролцоо нэмэгдснээр бид байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөгдөшгүй үнэт зүйлээ аварч үлдэх боломж бүрдэнэ. Энэ удаагийн аян ч мөн энэ тал дээр эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдэгт найдаж байгаа.

Аяны хүрээнд хийгдэх бас нэг гол ажил бол энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх явдал гэсэн. Энэ талаар ямар ажлууд хийгдэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу таван чиглэлээр буюу ойн мод хууль бусаар бэлтгэх, тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, тээвэрлэх,  хууль бусаар ан агнах, байгаль орчны бохирдуулах, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах чиглэлүүдээр хууль суртачилах, тодорхой шалгалтуудыг эхнээс нь хийж, тухай бүрт нь иргэд олон нийтэд мэдээлэл өгч ажиллаж байна.

Хамгийн гол нь иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хор хохирол, түүнээс үүдэн гарах үр нөлөө, цаашид учирч болох хохиролын талаар үнэн зөв мэдээ, мэдээлэл хүргэх, олон талын эх сурвалжаар түгээх тал дээр анхаарч ажиллаж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг олон нийтэд таниулахад хэвлэл, мэдээллийн байгууллагуудын оролцоо их чухал байна. Тиймээс бид хэвлэл, мэдээлэл олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нөлөөллийн ажлуудыг тасралтгүй хийж байна. Эхнээсээ үр дүнгээ өгөөд явж байна.

Байгаль орчны эсрэг гэмт хэргээс үүдэн гарах хохиролыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан янз бүрээр тогтоож байдаг. Гэхдээ байгаль эх дэлхийд учруулж байгаа бодит хохирлыг тогтоох боломгүй юм шиг санагддаг.

Таны хэлдэг зөв. Энэ төрлийн гэмт хэргээс үүдэн гарах байгаль орчинд учрах хор хохирлыг тооцож баршгүй гэж хэлж болно. Жишээ татахад, санаатайгаар түймэр гаргасан тохиолдолд ой бүхлээрээ шатах аюултай тул ахиж нөхөгдөшгүй аюул гарч, зэрлэг ховор ан амьтан, ургамал устаж үгүй болох зэрэг хор хохирлыг тоолж барашгүй. Мөн хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсантай холбоотой хохирол гэхэд ихэвчлэн гол мөрний ой сав газрыг сүйтгэх, гол горхи ширгэх, ой модыг огтлох, унагааж байна. Энэ үйл ажиллагааны улмаас гол, горхи ширгэж цөлжилт явагдаж байна. Усыг эргүүлэн нөхөж чадахгүй учраас хор хөнөөлийг тооцох боломжгүй юм. Байгалийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд амьтан, ургамал, мод бүгд харилцан уялдаатай оршиж байдаг.

Байгаль хамгаалах бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш. Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Үүнийгээ ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй. Тиймээс иргэн бүрийг Үндсэн хуулийнд заасан журамт үүргээ биелүүлж байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна

Тус аяныг эхлүүлснээр энэ төрлийн ямар хэргүүдийг илрүүлэв?

Тус хэлтэс нь хууль бус ангийн чиглэлээр шалгалт явуулсны үндсэн дээр хүрэн баавгайг хууль бусаар агнасан, тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон хэргүүдийг илрүүлж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Тусгай зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч уурхай дээр байлгах бичиг баримтыг бүрэн байлгаагүй зөрчлийн хэргүүдийг илрүүлж холбогдох байгууллагуудад шилжүүлсэн.

Мөн Хятад улсын иргэн жуулчлалын визээр орж ирэн визний зөрчилтэй ажил үүрэг гүйцэтгэгч байсныг холбогдох байгууллагад шилжүүлсэн зэрэг хэд хэдэн зөрчлүүдийг тогтоогоод байна.

Цаашид химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэнд оруулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх энэ төрлийн чиглэлээр хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

Аяны хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Цаашид ямар ажлууд хийгдэх вэ?

Аяны хүрээнд “Байгалиа хамгаалъя” өдөрлөгийг Дэлхийн байгаль хамгаалах өдөр буюу 6 сарын 5-нд зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

Энэ өдөрлөгөөр иргэдэд хуулиа сурталчлах, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг хүргэхээр төлөвлөөд байна. Тус өдөрлөгийн дараа байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулна. Тус хэлэлцүүлэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.

Мөн хэлэлцүүлгээр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд ямар бэрхшээл тулгарч байна, үүнийг шийдэх гарц гаргалгаа, хуулийн хүрээнд шийдэх шийдлийг олно гэж харж байна.

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ