УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НХТЕТГ-ын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Нямбаяр болон бусад холбогдох албаны хүмүүс нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн ажлын явцтай танилцлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа 7 байршлын барилгын ажилтай газар дээр танилцаж, барилгын ажлыг явуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, газрын асуудал, орц гарч чөлөөлөх, замын ажил, дулааны шугам зэрэг асуудлыг газар дээр шийдэж, барилгын ажлыг эрчимтэй явуулах тал дээр хугацаатай хяналт шалгалт хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Ажлын хэсэг хамгийн эхэнд ХУД-ийн Нэхмэлийн шар байрнуудыг буулгаж шинээр барьж байгаа барилгын ажилтай танилцсан бөгөөд эхний ээлжийн барилга ирэх 9 дүгээр сард ашиглалтад орохоор төлөвлөн ажиллаж байгаа аж.
Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү “Нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн ажлын явц төлөвлөгөөний дагуу хугацаандаа явагдаж байна. Барилгын ажлын явцад иргэний эзэмшил газартай холбоотой хэд хэдэн асуудлууд байна. Энэ тал дээр иргэдтэй ярилцан өөр байршлын газраар солих тал дээр арга хэмжээ авч ажиллаж байна. Тэгэхээр иргэн газар эзэмшсэн асуудал нь дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгуудад саад учруулахгүй юм. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын эхний ээлж нь ирэх ес дүгээр сард багтан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.” хэмээлээ.
Мөн энэ онд ХУД-ийн Нэхмэлийн шарын 5 дугаар байрны суурин дээр барьж байгаа барилгыг ашиглалтад оруулах, 6 дугаар байрны суурин дээр баригдаж буй барилгыг ирэх оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хоёр байранд 1,2,6,7,10, гэсэн таван байрны иргэд орно. Ирэх жил нэхмэлийн шарын 10,11,16 дугаар байруудыг буулгаж, 2020 онд 12,13,17,18 дугаар байруудыг буулгах ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулан ажиллаж байна гэдгээ энэ үеэр “Фүжи констракшн” ХХК-ий “Хан-Уул хотхон” төсөл хариуцсан захирал Д.Наранболд хэллээ.
Нэхмэлийн шар” гэгдэх хуучны орон сууцанд “хүн амьдарч болохгүй” гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гараад удаж байгаа. Гэвч хуучин шар байрнуудыг нурааж оронд нь шинээр барилга барих ажлыг хэзээ эхлүүлэх нь тодорхойгүй байсаар байна. Гэтэл энэ жилээс иргэдийн хүлээлттэй барилгын ажил хурдацтай явж байгаад оршин суугч иргэдийн зүгээс талархаж байгаагаа илэрхийллээ.
Дахин төлөвлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны барилга баригдаж байгаа байршлууд:
1. БЗД-ийн 16 дугаар хороо, Төмөр замын ажилчдын 6,7,8 дугаар байр “Шинэ гэр түншлэл” ХХК
2. БЗД-ийн 16 дугаар хороо, Хайрцагны ажилчдын 6,7,8 дугаар байр “Металл энд вүүд” ХХК
3. ХУД-ийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 1,2,5,6,7,10,16 дугаар байр, “Фүжи констракшн” ХХК
4. ХУД-ийн 2,3 дугаар хороо, Нэхмэлийн 3,4,8,9 дүгээр байр “Эм Эм Жи капитал” ХХК
5. ХУД-ийн 3 дугаар хороо, Нэхмэлийн 15,19 дүгээр байр “Нутгийн буян”ХХК
6. БГД-ийн 1 дүгээр хороо, Давхрын 17,18,20 дугаар байр
7. БГД-ийн 1 дүгээр хороо, Давхрын 13,14,15,16 дугаар байр “Алтан трейд” ХХК