Энэ он гарснаас хойш Нийслэлийн газрын албанд 1483 иргэн зуслангийн газар өмчлөх хүсэлт гаргажээ. Үүний 1326 иргэний хүсэлтийг хүлээн авсан байна. Харин үлдсэн 157 иргэний хүсэлт ой хамгааллын бүсэд байрласан, өндөр хүчдэлийн шугамтай ойр, үер усны аюултай байрлалд байсан тул буцаажээ.
Нийслэлийн газар өмчлөх тухай хуульд эзэмшлийн гэрчилгээтэйгээр газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол эзэмших эрхийг нь хүчингүй болгохоор заасан байдаг. Энэ талаар Нийслэлийн газрын албаны газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн “Эзэмшлийн гэрчилгээтэй зуслангийн газартаа хашаа татаж ашиглаагүйгээс болж өөр хүн газар дээр нь буух гэх мэт газрын зөрчил маргаанууд иргэд хооронд үүсдэг. Үүссэн зөрчил маргаан бүрийг шийдвэрлэхэд манай зүгээс хүн хүчний боломж муу.
Гэхдээ төрөөс иргэний эзэмшлийн газрыг буцаан татах нь ховор. Харин аж ахуй нэгжийг гэрээнд заасны дагуу хоёр жилийн дотор хашаагаа барьж, газраа эзэмшихийг шаарддаг” хэмээн тайлбарлалаа. Зуслангийн газрын зөрчил маргааныг залруулахаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн 26 ногоон бүсэд мэдээллийн самбар байрлуулах ажээ. Тус самбараас иргэд, аж ахуй нэгж тус бүсийн орц, гарц, үерийн бүс, ойн бүсэд өөрийнх нь эзэмшлийн газар орж байгаа эсэхийг тодруулах боломжтой юм.