Дулааны ил магистраль шугамын болон газар доогуурх магистраль шугамуудын ээлжит их засварын ажил 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн билээ.
Засварын ажил 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Засварын ажлын хүрээнд дулааны магистраль, шугамууд нь байнгын өндөр даралт, температуртай уур, усыг дамжуулдаг ба их засварын өмнө тусгай хөтөлбөрийн дагуу шугам хоолойн бат бэхийг шалгах нягтын туршилтад оруулдаг.
Эрчим хүчний магистраль шугамын хамгаалалтын зурвасын ил болон далд шугамтай хэсэгт авто машин байрлуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвшөөрснөөс бусад ажил, үйлчилгээ хийхийг хориглодог. Төв магистраль шугамын ойролцоо байрладаг орон сууцны иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, компаниуд шугамын нягтын шахалтын үед шугамд гэмтэл гарч болзошгүй тул сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд хөрөнгө, автомашин, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.
Анхааруулгыг хүлээн аваагүйгээс гарсан аливаа хохирлыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хариуцахгүй болохыг нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгж, компаниудад мэдэгдэж байна.