УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт, тодруулга авсан.
Ж.Бат-Эрдэнэ: Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ яаж төлөх юм. Энэ хуулийн төслийг хэрхэн сурталчлах вэ. Хууль батлаад ч малчдад хүрэхгүй, сурталчлан таниулах үүрэгтэй төрийн албан хаагчид ширээний цаана суугаад байхаар энэ хууль чинь яаж хэрэгжих юм бэ?
С.Чинзориг: Төрийн захиргааны байгууллага хууль сурталчлах, таниулах үндсэн үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу ажлаа хийх үүргээ гүйцэтгээд явбал хууль олон түмэнд хүрнэ.
Г.Мөнхцэцэг: НДШ бүрдүүлэхэд 560 тэрбум төгрөг хуримтлагдана гэж тооцож байна. Энэ хөрөнгийг бүрдүүлэхийн тулд малчдыг мэдээллээр хангах асуудалд хэрхэн анхаарч ажиллах вэ?
С.Чинзориг: Өмнө ажилласан жил нөхөн тооцох, НДШ нөхөн төлөх тухай хуульд бүх иргэн хамрагдсан. Харин энэ хууль бол малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хамруулна. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч хувиараа нийгмийн даатгал төлдөг гэсэн тодорхойлолт шаардана. Харин малчин өөрийгөө нотлох хорооны тодорхойлолт шаардана. Энэ хууль хэр сайн хэрэгжих нь сурталчлах таниулахаас хамаарна.
Л.Мөнхбаатар: Мал аж ахуйн салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид гээд 500 мянга орчим хүний асуудал яригдаж байна. Тиймээс энэ хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Сайн дураар НДШ төлөх ёстой хүмүүсийн 10-15 хувь нь хамрагддаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс заавал даатгуулах албан журам тогтоогоод өгвөл ямар вэ гэсэн санал байна.
С.Чинзориг: Малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчид заавал болон сайн дураар НДШ төлөх эсэх асуудлыг бодлогоор ярих ёстой. Тэдний орлого тогтмол байдаггүй учраас заавал даатгалд хамрагдах шаардлага үүсдэггүй. Хуулийн төсөлд хамрагдах боломжтой нас 15-60 гэж оруулсан. Магадгүй 60 хүрсэн хүн ганц, хоёр жилийн НШД-ээ нөхөн төлөх шаардлага үүсээд байгааг үгүйсгэхгүй. Мөн насанд хүрээгүй иргэн эцэг, эхийнхээ хараа хяналтан доор ажиллах эрх нээгддэг. Тиймээс 15 настай ч хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол НДШ төлөх эрхийг нээж өгч байгаа юм.
Х.Баделхан: Малчны гэр бүлийн хүн, туслах малчид энэ хуульд хамрагдах уу. Нэг хүн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлөх вэ?
С.Чинзориг: Малчны гэр бүлийн хүн, туслах малчид хамрагдана. Татвар төлсөн баримтаа гэвэл хуулийн төслийн хамрах хүрээ нь хязгаарлагдана. Тиймээс татвар төлсөн баримт биш татвар төлөгчөөр бүртгүүлсэн байхыг шаардана. Ингэх юм бол хамрах хүрээ нь нэмэгдэнэ. Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгч яг хэдэн төгрөгийн шимтгэл төлөхийг хэлэх боломжгүй. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, хэдэн жил төлөөгүй вэ гэдгээ тооцож нөхөн төлнө. Тухайлбал, таван жил НДШ төлөөгүй бол 500 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлнө. Энэ мөнгийг бөөнөөр нь төлж чадахгүй бол улирлаар, жилээр хувааж төлөх асуудлыг Засгийн газар зохицуулах эрхийг нь нээж өгсөн.
Ийн гишүүд асуулт тодруулга авч, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж, Ц.Сүхбаатар, Т.Батзул, Н.Алагаа, Э.Оюунтэгш нарыг томилсон юм.
Одоо Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.