Тайландын Бангкок хотноо болсон Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид өндөр амжилт үзүүлж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд эх орондоо ирлээ.
Дэлхийн 59 орны 600 гаруй тамирчин өрсөлдсөн ДАШТ-д Монголын баг 16 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон юм. 2016 оны ДАШТ-ийг амжилт дүүрэн үдсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулна. Тиймээс тэд энэ удаагийн дэлхийн аваргад өндөр амжилтыг үзүүлж, Азийн орнуудаас шилдэг амжилтуудыг үзүүлж чадлаа. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн юм.
ДАШТ-ий алтан медалийг Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн /Эм, атлетик-бие бялдар ангилал/, А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/ нар хүртсэн бол Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/, Түвшинбаяр /Эр, модел ангилал/ нар мөнгөн медаль хүртсэн юм. Харин Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/, Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/, Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/, Дуламрагчаа /Эр, мастер ангилал/ нар хүрэл медалийн эзэд болжээ.