Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал хэдхэн хоногийн өмнө болов. Урьд өмнөх Бага хурлуудаас хамгийн нээлттэй, ардчилсан хурал болсон гэж хэлж болно.
Харин хурлын үр дүнд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гуравхан саналын илүүгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон нь гишүүдийнхээ гайхширлыг төрүүлсэн үйл явдал боллоо. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдтой шударгаар өрсөлдөөд гараад ирсэн бол өөр хэрэг. Хэрэв шударга өрсөлдөөн байсан бол хэлэх үг байхгүй. Гэвч Д.Сумъяабазар гишүүн эрх мэдлийн шуналд хэтэрхий гүн автагдсан гэдгээ сая харууллаа.
Хэсэг бүлэг залуу гишүүдийг дарвиулан хурлын эхлэлийг үймүүлж, цаадуул нь энгэр заамаа задгайлан бохь зажилж, орилж шүгэлдэж байгаа нь телевизийн дэлгэцээр орон даяар харагдсан. Төрсөн дүү асашёорюү Д.Дагвадорж нь ёс бус үгтэй зүйл сошиалаар цацаж өрсөлдөгчийг нь доромжилсон. Гэтэл Аса Д.Дагвадорж бол эгэл нэгэн биш, Төрийн тэргүүний дэргэд Япон Улсыг хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг хүн. Ийм хүн ахыгаа дарга болгохын төлөө нийгмийн сүлжээгээр ёс зүйгүй авирлаж таарамгүй.
Д.Сумъяабазар гишүүн аль хавраас л хариуцсан салбар, сонгогдсон тойргоосоо хальсан сэдэвтэй сонин сэтгүүлээр олныг “бөмбөгдөж” эхэлсний цаад утга нь нийслэлийн МАН-ыг гартаа авах гэсэн явдал гэж харах хүн цөөнгүй байсан. Тэр ч ёсоор болж “санааг нь амраалаа”.
Ерөөсөө түүний нүдэнд “Бирдийн нүдэнд далай харам” гэгчээр албан тушаал болгоныг эзэлж авах донтой болсон гэхэд хилсдэхгүй.
Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн өөрийн дүү, асашёорюү Д.Дагвадоржийн нөлөөгөөр, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар лоббидуулан байж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон нь нууц биш. Шунал нь түүгээр дуусалгүй нийслэлийн МАН-ын хороог сонирхох болсон.
УИХ-ын гишүүн М.Нямбаатараар өмнөө бамбай хийж, Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг жийрэг болгон өнгөрсөн хавар, зуны турш байсхийгээд л Тусгаар тогтнолын ордны өмнө жагсаж, цуглаж, Нийслэлийн МАН-ын хорооны хавиар бужигнаан хийж, түүндээ Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хүнийг ч оролцуулж, муу шантаажийн арга хэрэглэсээр сая санасандаа хүрсэн нь тэр.
Уг нь шударга өрсөлдөх гэсэн хүн бол үймээн бужигнаанаар бус, хийх ажил, дэвшүүлсэн хөтөлбөрөөрөө уралдах ёстой л доо.
Эндээс гарсан үр дүн гэвэл ерөөсөө л ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар гишүүн авч, АНУ-аас ирж буй МАН-ын дарга, Ерөнхий сайдаа угтан бэлэг барилаа.
Олон давхарласан албан тушаалын “дээл” нь түүнд тээр болохоос нэмэр болохгүй нь ойлгомжтой. Тус бүртээ 20-иос доошгүй мянган хүн амтай хороодтой, хөрс, агаарын бохирдлоор толгой цохиж яваа Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар гишүүн өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд тойрогтоо гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл бараг хийсэнгүй. УИХ-ын 2016 оны сонгуулийг ямар өнгө төрхтэй угтсан, яг тэр хэвээрээ л тойргийн хэдэн хороод нь байж байгаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болоод юу бүтээв? Бензин шатахууны үнэ хэд дахиад өсчихлөө. Ирэх 10 дугаар сараас ОХУ шатахуун, дизель түлшний үнээ өсгөхөөр ярьж буйг албан тушаалд дуртай сайд мэдэж байгаа болов уу?
Д.Сумъяабазар сайдыг дараагийн албан тушаалдаа шунан дурлаж явах яг тэр үеэр ОХУ-ын Сангийн яамнаас 10 дугаар сараас шатахууны үнийг тонн тутамд 41 ам.доллараар, дизель түлшийг 91 ам.доллараар өсгөнө гэдгээ мэдэгджээ. Монголд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2500 төгрөгөөс даваад буй энэ үед шатахууны үнийн энэ өсөлт ямар цохилт болох вэ? Уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд наад зах нь энэ цохилтоос сэргийлэх арга хэмжээ авч байх ёстойсон.
Уул уурхайгаа зохистой хөгжүүлж, үйлдвэр, аж ахуйн паркуудаа босгох, адгийн наад зах нь УИХ-д нэр эдвшиж сонгогдсон тойргийнхоо хороодын өнгө зүс, иргэдийн аж байдалд олигтой санаа тавиагүй байж бүхэл бүтэн Нийслэлийн МАН-ын хороог муугаар хэлбэл үймээн бужигнаанаар эзлэн авч байгаа хүнээс үр дүн гарна гэж бодоход хэцүү. Бас тэгээд нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад ч санаа тавина хэмээн үг хэлээд авсан. Шуналын хүсэл нь хязгааргүй гэдгийг тэндээс харж болно.
Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үг өнөөдөр Д.Сумъяабазар гишүүнд яг таарахаар болоод байна. Тун удахгүй УИХ-ын 2020 оны сонгуулийн кампанит ажил эхэлнэ. Түүнээс жилийн дараа МАН-ын 100 жилийн ой тохионо.
Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй нийслэл хотын МАН-ын хороо гэдэг тоглоом биш. Бүхэл бүтэн МАН-ын гишүүдийн мөн л тал хувь нь нийслэлд байгаа гэсэн үг. Энэ их хүчийг сонгогдсон тойрог шигээ, хариуцсан салбар шигээ алдаж асгаж орхивол сонгуульд ялна гэдэг сэрүүн зүүдтэй агаар нэг л болно. Д.Сумъяабазар гишүүн, сайд, даргын нүүрэн дээр 100 жилийн ойнхоо босгонд МАН сонгуульд ялагдвал хор хохирлыг нь хэн хүлээх вэ?
Ийм учраас л “Ялагдлын дайтай ялалтыг Д.Сумъяабазар авлаа” гэж байгаа юм. Үнэндээ “Даахгүй нохой булуу хураана” гэдгийг сая тэрбээр биеэрээ харуулчихав уу гэлтэй. Цол дагаж бяр гэдгээр одоо түүний тойргоо хөгжүүлж, салбараа мандуулж, намаа ялуулахын ид хавыг харах л үлдлээ.