Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Гёнсанбүг мужийн орлогч дарга Юн Жун Жинийг хүлээн авч уулзав. Хоёр тал өнөөдрийн уулзалтаар Улаанбаатар хотод эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, үр ашигтай болгох хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтран ажиллахаар санал солилцов.
Уулзалтанд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, БНСУ-ын Гёнсанбүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин, БНСУ-ын Эрчим хүчний агентлаг, Дэгү кёнбүгбүсийн төвийн захирал Пак Бён Чүн болон БНСУ-д эрчим хүчний чиглэлээр үйлвэрлэл явуулдаг томоохон компаниудын төлөөлөл байлцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Тантай уулзаж Улаанбаатар хот болон Гёнсанбүг мужийн хамтын ажиллагааны талаар санал солилцох болсонд таатай байна. Манай Улс БНСУ-тай гуравдагч хөршийн сайн харилцаатай байдаг. Үүнээс гадна Улаанбаатар хот БНСУ-ын олон хоттой өргөн хүрээний харилцаатай. БНСУ-ын хотууд хамтын ажиллагаа, харилцаандаа өндөр ач холбогдол өгч ажилладагт баяртай байдаг. Бидний хамтын ажиллагаа Улаанбаатар хот Гёнсанбүг муж хоорондын харилцааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Цаашид нийслэлд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, нийт өрхийг бодит судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж нар, салхины эрчим хүчээр хангах,
-Нарны илчээр ус, агаар халаах арга технологи, тоног төхөөрөмжийг барилга байгууламжийн халаалт, хэрэглээний халуун ус болон бусад зориулалтаар өргөн ашиглах;
-Газрын гүний дулааныг ашиглах нөөц ихтэй газруудыг сонгон судалж, хот суурин газрын эрчим хүчний хангамжид ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж хэрэгжүүлэх;
-Ус төрөгч, түлшний элемент зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх орчин үеийн техник, технологийг судлан нэвтрүүлэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байгаа юм.
Улаанбаатар хот болон Гёнсанбүг муж хоёр нь 2007 онд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж эхэлсэн ба газрын менежмент, хот хөгжүүлэлт, эмнэлгийн аялал жуулчлал, сайн үйлсийн аян зэрэг салбарт хамтран ажиллаж ирсэн.
Өнгөрсөн тавдугаар сард Гёнсанбүг мужийн захиргаа болон Улаанбаатар хотын хооронд шинэ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан ба 11 дэхь жилдээ хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.