Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, Энэхүү чуулга уулзалтаар бид жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлалыг эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, үйл ажиллагаанд уялдуулан тусгах, институцийн түвшинд жендэрийн тэгш байдал хэрхэн хангагдсан зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгөх, шинжилгээ хийх чадавх бүрдүүлэх чиглэлээр салбарын үйл ажиллагааны 2017-2020 оны төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна.
Ер нь эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичгүүд, үзүүлж буй тусламж, үйлчилгээнд хийсэн дүн шинжилгээнээс жендэрийн зорилт дэвшүүлсэн, хүрэх үр дүнг оновчтой тодорхойлсон, жендэрийн мэдрэмжтэй тодорхой үйл ажиллагаа төлөвлөсөн үзүүлэлт хангалтгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс та бүхнийг төлөвлөгөөний төсөлтэй танилцан, эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааг жендэрийн мэдрэмжтэй болгох чиглэлээр саналуудаа нэгтгэн ажиллахыг хүслээ.
Харин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тус чуулганы хуралдааныг удирдсан бөгөөд нээлтийн үеэр хэлэхдээ, Бид эрүүл мэндийн салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн зөвшилцөж, санал бодлоо солилцон, харилцан ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар хуран цуглараад байна гээд дараах үндсэн чиглэлээр дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Үүнд: “Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, эрх зүйн орчин”, “Жендэрийн мэдрэмжтэй эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, ”Энэ асуудлаар цаашид тавих зорилт, үйл ажиллагаа”
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрөөс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээнд зориулсан үйлчилгээ бий болгоход чиглэсэн арга хэмжээ авна”, 19 дүгээр зүйлд “Тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах”, “Тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх” хэмээн тус тус хуульчилсан байдаг байна.
Чуулганд Тус чуулганд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-4 төслийн Үндэсний зөвлөх Д.Мөнхөө нар болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төв, жендер, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.