Монгол Улсад нийтдээ 1,2 сая хүүхэд байдаг. Жилд дунджаар 1000 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1500-2000 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Өөрөөр хэлбэл нэг ЕБС-ийг дунджаар 1500-2500 хүүхэдтэй гэж бодоход бүтэн нэг сургуулийн хүүхэд тэр чигээрээ хохирсон гэсэн үг. Манай улсын хувьд хүүхдийн гэмт хэрэг гаралтыг хүн амынхаа тоотой харьцуулахад их гэж үздэг. Хүүхэд гэмт хэрэгт холбогдох маш олон шалтгаан бий. Хамгийн гол нь ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал, архидалт гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн хүмүүжилд их нөлөөлж байна. Өнөөдөр гэмт хэрэг үйлдэж буй хүүхдүүдийн 90 орчим хувийнх нь гэр бүл ямар нэг асуудалтай нь тогтоогдсон. Хүмүүс ажлаа сайн хийж, мөнгө олоод үр хүүхдээ хоол ундтай байлгах ёстой гэж зүтгэх зууртаа амьдралынхаа жинхэнэ зорилго болох үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлэх, зөв хүмүүжүүлэхээ орхигдуулаад байдаг. Гэр бүлийн хайр халамж дутуугаас болж, нөгөө талаас эцэг эхийн хараа, хяналт муутайгаас үүдэж бага насны хүүхэд бусдын халдлагад өртөж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хүчирхийллийн 70-80 хувь нь гэр бүлийн орчинд байдаг харамсалтай тоо бий.
Хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд зуун хувь гэж үзэхэд нийслэлд 60 хувь, орон нутагт 40 хувь үйлдэгдэж байна. Нийслэлийн БЗД, СХД-т хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа бол орон нутагт Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт хүүхдийн эрх зөрчигдсөн гэмт хэрэг зонхилж байна.
Хүүхдүүд цахим тоглоомоос гэмт хэрэг хийх сэдэл их авч байна. Учир нь хүүхдүүд ямар нэг зүйлийг даган дуурайх их дуртай байдаг. Хэн нэгэнд уруу татагдахдаа амархан. Иймд хүүхэд хийж буй үйлдлийнхээ эцсийн үр дүнг нь тооцоолох чадвар сул байдгаас гэмт хэрэгтэн болох тохиолдол гарч байна. Манай улсад л гэхэд 500 орчим цахим тоглоомын газар байдаг. Жишээ нь, нэг тоглоомын газарт 50 хүүхэд тоглодог гэж үзвэл өдөрт 25000 хүүхэд цахим тоглоом тоглож байна гэсэн үг.Энэ бол маш их аюултай үзүүлэлт. Нөгөө талаас цахим тоглоомын газруудыг шууд хаах гэхээр 25000 хүүхэд гудамжинд шууд гарах магадлал өндөр. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүд бас их байна. Үүнээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв гарц бол эцэг, эхчүүд хараа хяналт, хайр халамжаа нэмэгдүүлж, хүүхдүүдийнхээ төлөө тэдэнтэй хамт байх юм.