СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “ХЭН, ЯАГААД, ХЭЗЭЭ сэтгэцийн тулгамдсан асуудалд өртдөг вэ? сэдвээр тус эмнэлгийн сэтгэл засалч эмч Б.Жаргал зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Хүний эрүүл мэнд нь дараах гурван хүчин зүйлтэй салшгүй холбоотой байдаг.
Тухайн хүний сэтгэл санаа нь амар тайван байвал бие махбод нь эрүүл, бусадтай зөв боловсон харилцаж, нийгмийн харилцаанд эрүүлээр оролцдог. Сэтгэлийн зовуурьтай, хямарсан, түгшүүртэй байвал бие махбодод нь өвчлөл үүсч, бусадтай харилцахаас төвөгшөөх эсвэл бүдүүлгээр харилцах зэрэг нийгэмшихийн асуудлуудыг үүсгэж байдаг. Сэтгэл санаа, бие махбод хоёр нь салшгүй холбоотой минут, секунд тутамд бие биендээ харилцан үйлчлэл үзүүлж байдаг. Гэтэл бид бие махбоддоо анхаардаг шигээ сэтгэл санаандаа анхаардаггүй.
Эрүүл хүн гэж бие мах бодийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санаа, оюун ухааны хувьд эрүүл, өөрийн үнэ цэнийг мэддэг, өөртөө итгэлтэй, амьдралын идэвхтэй, нийгмийн харилцаанд эрүүлээр оролцдог хүнийг хэлдэг.
Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?
Сэтгэцийн эрүүл мэндийг ерөнхийд нь дараах гурван байдлаар ангилж авч үздэг.
1. Сэтгэцийн хувьд эрүүл
2. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай
3. Сэтгэцийн эмгэгтэй
Сэтгэцийн хувьд эрүүл: Аливаа бэрхшээл, асуудалд хямарсан ч улам даамжруулалгүй дасан зохицох эсвэл даван туулах сэтгэлийн тэнхээтэй, асуудлыг улам хүндрүүлэлгүйгээр шийдвэрлэх арга замыг олж, цаашдын төлөвлөгөөгөө төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлдэг, стресст өртсөн ч түүнээс хэрхэн ангижрах аргыг мэддэг, сэтгэлийн гүн хямралаас өөрийгөө хамгаалж чаддаг хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэнэ.
Сэтгэцийн тулгамдсан асуудалтай: Аливаа бэрхшээлд стрессдэж, түүнийгээ эрүүл бус аргаар илэрхийлж буй түр зуурын сэтгэлийн хямралд өртсөн хүнийг сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн. Өөрөөр хэлбэл стресс бухимдлаа даван туулах сэтгэлийн тэнхээгүй, архи болон согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэж асуудлаас зайлсхийх, өөрийгөө болон бусдыг хайхрахгүй байх, ирээдүйдээ итгэлгүй болох, бусадтай бүдүүлэг, зүй бусаар харьцах гэх мэтчилэн хүн бүр харилцан адилгүй байдлаар илэрхийлдэг.
Сэтгэцийн эмгэг: Манай улс нь сэтгэцийн эмгэгийг оношлохдоо ДЭМБ-аас гаргасан өвчлөлийн олон улсын 10 дугаар ангилалыг мөрдлөг болгодог. Энэ ангиллын 5 дахь бүлэгт нь сэтгэцийн эмгэгийг оношилдог. Энэ оношлогооны шалгуурт нийцэж байвал сэтгэцийн эмгэгтэй гэж оношилно. Үүнд:
Тухайн эмгэгийн шинж тэмдэг нь хагас жил болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байвал сэтгэцийн эмгэг гэж бүрэн оношилно.
Сэтгэцийн эмгэгийн аль нэгэн шинж нь хэнд ч илэрч болно, түүнийгээ даван туулж чадсанаар эрүүл болж болдог.
Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
Сэтгэцийн эмгэг нь эдгэх боломжтой. Гэхдээ шууд, хурдан эдгэхгүй ч аажим аажмаар эдгээх олон арга замууд байдаг. Та өөртөө тусалж чадна, бусдын дэмжлэгийг авсан ч болно. Гэхдээ бусдын дэмжлэг авахдаа өөрт чинь итгэдэг, бусдад нууцыг задруулдаггүй, өөрийг чинь ойлгох хэн нэгнийг сонгох нь чухал.
Тайвшруулах амьсгалын дасгал чухал нөлөөтэй байдаг. Зөв амьсгалснаар булчин суларч, стресс багасдаг. Тиймээс бухимдсан үедээ амьсгалын дасгалыг багадаа гурван удаа хийж хэвшээрэй.
Уур бухимдал нь сөрөг бодлоос эхэлдэг. Сөрөг бодол төрмөгц хэдхэн секундийн дараа сөрөг мэдрэмж төрж, улмаар эргэн тойронд хамгийн хүнд байгаа мэт санагдан сөрөг үйлдлүүд гарч байдаг. Сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг үйлдэл нь ердөө 10-15 секундэд өрнөнө.
Харин бодлоо эерэг болгохын тулд одоогийн тань нөхцөл байдлаас дор хүмүүс ч бий гэдгийг санаж, орчин нөхцлөөсөө сайн зүйлсийг нь олж харснаар сэтгэл тайвширч, бусдыг ойлгож, хүндэтгэлтэй хандаж эхэлдэг. Бодлоо эерэг болгосноор эерэг мэдрэмж төрөн эерэг үйлдэл гарах болно.
Хүн тухайн нэг хоромд нэг л зүйлд анхаарч чаддаг. Тиймээс өөрт хэрэгтэй зүйлд анхаарлаа хандуулж өөрийгөө бүрэн дайчил.
Бид хэтэрхий их зүйлийг эргэцүүлэн боддогт л гай зовлонгийн үндэс үүсдэг. Тиймээс элдэв бодлоо больцгоож тархийг хурдан амруулж цусны эргэлтийг сайжруулах ямар нэгэн ажлыг барьж ав. Та тун удалгүй амьдралын хүч амтагдахыг мэдэрч сэтгэлийн зовууриа мартах болно.
Ямагт завгүй ажилтай байгтун. Энэ бол ертөнц дээрх хамгийн сайн, хямд эм.