"2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан. 2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн. 2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв. 2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан. Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн хэмээн энэ сарын 15-ны даваа гаригт өдөр тутмын сонинууд нийтэлжээ. Улмаар "Бичлэг захиалсан УИХ-ын гишүүн хэн байсан бэ? “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарчээ. Хэн гэдгийг нь сонсоод Б.Баатар “шок”-д орсон" гэсэн байна. Цааш нь "2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна" хэмээн бүрхэгдүүлжээ. Гэвч тэр захиалагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга байсан гэдгийг өдөр тутмын сонинууд бараг хэлчихсэн байна. 2014 онд гишүүн байсан, Б.Баатар мэдээд цочролд орсон гэхээр өөр хэн байх билээ. Харин үүнээс болж олон жил хамт явсан Б.Баатар, Х.Баттулга хоёрын зам салах уу, яах вэ гэдэг сонин байна. Захиалагч нь Х.Баттулга байсан нь үнэн бол тэд удахгүй сална.