ШАМШАД АХТАР: Монгол улс чухал үүрэг гүйцэтгэж, томоохон хувь нэмэр орууллаа



НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хурал Москва хотноо энэ сарын 5-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-т гурван орны тээврийн сайд нар гарын үсэг зурав. Ийнхүү гурван улсын дамжин өнгөрөх тээврийн дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Ази, Европыг холбосон хамгийн дөт зам албан ёсоор нээгдэж буй юм.

Энэхүү бага хурлын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Шамшад Ахтартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс  /АНДЭЗНК/ нь бүс нутагт эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг хангахад гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улс 1961 онд энэхүү комиссын гишүүнээр элссэн бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлд хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, “Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2013 онд нэгдэж, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Хятад, Орос гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орсон байдаг. Дээрх хэлэлцээрт нийт 32 төсөл хөтөлбөр багтсанаас 13 нь зам, тээврийн чиглэлийн хамтын ажиллагаа хамаарч байгаа юм.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол Улс ойрын ирээдүйд төмөр замынхаа сүлжээг өргөжүүлэх чиглэлд анхаарч, 2000 орчим км төмөр замаар дотоодын сүлжээгээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцууллаа. Мөн тэрээр агаарын тээвэр, авто тээвэр зэрэг бүх төрлийн тээврийн салбараа өргөжүүлснээр улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх боломжтой тул энэ чиглэлд идэвхитэй хамтран ажиллахаа хүслээ.

Хатагтай Шамшад Ахтар “Монгол Улс энэхүү арга хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэж, ихээхэн хувь нэмэр оруулсанд талархаж байна. Энэхүү хэлэлцээр нь үр дүнгээ өгч, бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье” гэлээ.

Дашрамд дурдахад, манай улс 2008-2016 онд тээврийн хамтын ажиллагаа, эдийн засгийн төрөлжилт, интеграци, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, нүүдлийн шувуудыг хамгаалах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологи зэрэг чиглэлээр 30 гаруй төсөлд хамрагдаж байжээ.

 

Эх сурвалж : Зам, тээврийн хөгжлийн яам

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ