Токиогийн олимп тоон хэлээр



Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадам Япон Улсын Токио хотод долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд амжилттай зохион байгуулагдлаа. 

 

Уг олимпын наадамтай холбоотой тоон мэдээллийг хүргэж байна.

0 - Коронавирусийн тархалтаас болоод олимпын наадам огт үзэгчгүй явагдлаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн л тамирчдыг дэмжиж байв. Олимп үзэгчгүй болсон нь зардлынхаа тодорхой хэсгийг тасалбарын борлуулалтаас нөхөх төлөвлөгөөтэй байсан зохион байгуулагчдад том цохилт болсон юм. Түүнчлэн олимпод зориулж эртнээс бэлдсэн Токиогийн зочид буудал, зоогийн газрын салбар санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг Номура судалгааны байгууллага тооцоолсон байна.

17 - Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад тамирчдын бэлтгэл сургуулилалт тааруу байх болов уу гэж таамаглаж байсан ч олимпын үеэр дэлхийн дээд амжилт 17 удаа эвдэгдлээ. Сэлүүрт завины төрөлд хамгийн олон буюу таван дээд амжилт шинэчлэгдсэн байна.

33 - Олимпын тамирчид спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдлөө. Каратэ, скэйтборд, серфинг, спорт авиралт гэсэн дөрвөн шинэ спорт олимпын хөтөлбөрт анх удаа багтав. Түүнчлэн 3х3 сагсан бөмбөг, BMX дугуйн фристайл төрөл, налуу замын дугуйн буухиа уралдаан зэрэг шинэ төрлүүд олимпын хөтөлбөрт оров. Япончуудын хайртай спорт бэйсбол, софтбол 13 жилийн дараа олимпын хөтөлбөрт дахин багтав. Гэхдээ энэ хоёр төрөл каратэгийн хамтаар “Парис-2024” олимпын хөтөлбөрт орохгүй юм.

47 - Олимпын цэнгэлдэхийг Японы бүх 47 мужаас авчирсан модоор хийсэн байна.

48 - Нийт тамирчны 48 хувь нь эмэгтэй байснаар “Токио-2020” жендэрийн хувьд хамгийн тэнцвэртэй олимп болов. Түүнчлэн түүхэнд анх удаа бүх спорт эмэгтэй төрөлд медальтнуудаа тодруулсан юм.

62 - Зургадугаар сарын 21-нд явуулсан санал асуулгаар япончуудын 62 хувь буюу бараг гуравны хоёр нь олимпын наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв. Харин явцын дунд эсэргүүцэгчдийн хувь арай багасаж, 48 хувь болжээ.

20,000 - Тамирчдыг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулж байсан бөгөөд хариу нь эерэг гарсан тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй тусгаарлаж байв. Наадмын үеэр өдөр бүр 20 мянга орчим шинжилгээ хийсэн болохыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

160,000 - Хэдийгээр зохион байгуулагчид тамирчдыг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бусдаас зай барихыг сануулж байсан ч 160 мянган бэлгэвч үнэгүй тарааж өгөв.

6.21 сая - Олимпын наадмын 5,000 медалийг бүгдийг нь дахин боловсруулсан металлаар хийсэн бөгөөд эдгээр металлыг зөөврийн компьютер, лаптоп, дижитал камер, ухаалаг утас зэрэг 79 мянган тонн цахилгаан хэрэгслээс гаргаж авсан байна. Японы цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд, сургуулиуд, олон нийтийн зүгээс 6.21 сая хуучин гар утсыг хандивлажээ.

"Рио 2016" олимпын тухайд мөнгө, хүрэл медалийн орцын 1/3 орчмыг дахин боловсруулсан металл эзэлж байв.

15.4 тэрбум - Олимпын наадмын нийт төсөв 15.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Гэхдээ Японы Засгийн газраас хийсэн хэд хэдэн шалгалтын дүнгээс харвал олимпын наадмын нийт төсөв үүнээс хоёр дахин их байж магадгүй байна.

Зохион байгуулагчид коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд л гэхэд 900 сая ам.доллар зарцуулсан байна. Зохион байгуулагчид төрөл бүрийн баннер, маскот хийх, салют буудуулах зэрэг үнэтэй нэмэлт зардлыг хасаж танасан ч төсөв ийм гарчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Холбоотой мэдээ

Репортлов

Шинэ мэдээ