Ховд аймагт болсон бүсийн уралдааны үеэр 3-5 унаач хүүхдийн гарын шуу бэртэж, нэг хүүхдийн хамрын яс хугарчээ



Баруун бүсийн хурдан морины уралдаанууд наймдугаар сарын 6-8-нд болсон. Энэ үеэр унаач хүүхдүүд гэмтэж бэртсэн эсэх талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас тодрууллаа.

Баруун бүсийн уралдаанд азарга, соёолон, даага, шүдлэн, хязаалан, их нас болон эрлийз морьдын гурван насанд 17 аймгийн нийт 1,599 морь хурдалжээ. 

Уралдааны үеэр 3-5 хүүхэд гарын шуугаа гэмтээсэн байна. Эдгээр хүүхдэд цаг тухайд нь эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай холбогдох албанаас мэдээлэл өглөө.

Мөн Завхан аймгийн харьяат нэг унаач хүүхэд уралдааны үеэр мориноосоо унасны улмаас хамрын яс нь хугарчээ. Тухайн хүүхдийг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргэж, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд ар гэрийнхнийхээ хамтаар Завхан аймаг руу буцсан тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Хүний эрхийн үндэсний комиссоос бүсийн уралдаануудын үеэр унаач хүүхдийг даатгалд хамруулж буй эсэх, “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018” стандартын хувцас хэрэглэлийг хүүхэд бүрт бүрэн өмсгөж буй байдалд хяналт тавих, уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн, эрсэдсэн хүүхдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас гаргуулах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Хүний эрхийн үндэсний комисс болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хурдан морины уралдааны үеэрх унаач хүүхдүүдийн гэмтэл бэртлийн тоог нэгтгэж буй бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэх болно.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ