Төрийн банкны даатгалын газрын захирал Б.Агваанцэрэнтэй ярилцлаа.
Сайн байна уу? Төрийн банк харилцагч нартаа банкны үндсэн үйлчилгээнээс гадна даатгалын зуучлалын үйлчилгээг мөн үзүүлдэг. Иймээс даатгал зуучлал болон хэзээнээс энэхүү үйлчилгээг үзүүлж эхэлсэн талаар яриагаа эхэлье.
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Даатгалын үйлчилгээг компаниуд шууд харилцагчидадаа хүргэхээс гадна 2 төрлөөр хүргэх боломжтой. Даатгалын төлөөлөгч болон даатгалын зуучлалаар. Даатгалын төлөөлөгч нь нэг даатгалын компаниа төлөөлөн ажиллаж, тухайн компанийг өмнө үүрэг хүлээдэг бол Даатгалын зуучлал нь даатгуулагчид үйлчилж, олон даатгалын байгууллагуудын тохиромжтой үйлчилгээг санал болгон түүнд зөвлөмж заавар өгөх чиг үүрэгтэй байдаг. 2022 оны байдлаар даатгалын зуучлалын үйл ажиллагаагаар 10 банк, 52 компани үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн банкны хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос “Даатгалын зуучлалын” үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр авснаас хойш өнөөдрийг хүртэл 500 гаруй салбар нэгжээрээ харилцагчидадаа даатгалын зуучлалын үйлчилгээг үзүүлж байна.
Төрийн банк даатгалын ямар үйлчилгээнүүдийг хүргэдэг вэ?
Төрийн банкны нийт харилцагчдын 90 гаруй хувь нь иргэд байдаг. Иймд бид иргэдийн зах зээлд зориулсан Хөрөнгийн даатгал, Авто тээврийн хэрэгслийн даатгал, Гэнэтийн осол, эмчилгээний даатгал, Зээлийн даатгал, Санхүүгийн даатгал, Хүртээмжтэй даатгал гэсэн 6 хэлбэрийн 40 гаруй даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна. Төрийн банк жилдээ 100 мянга орчим харилцагчийн 1.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий даатгалыг зуучлан борлуулж, харилцагчдынхаа санхүүгийн эрсдэлийг хааж байна. Тухайлбал өнгөрсөн жил бид 1.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг даатгалын компаниудаас олгуулсан байна.
Даатгалын зуучлал хийх гэж ярьлаа. Төрийн банкны хувьд хэдэн компанийн даатгалын компанийн үйлчилгээг харилцагчидадаа хүргэж байна вэ?
Монгол улсад ердийн даатгалын 15, амьдарлын даатгалын болон давхар даатгалын нэг нэг компани үйл ажиллагаа явуулж байна. Төрийн банкны хувьд Харилцагчийн эрсдэлийг тараан байршуулах, таатай нөхцөлөөр даатгуулах сонголт хийх боломжийг олгох зорилгоор даатгалын компаниудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн дээрх 15 даатгалын компаниас 12-той нь тодорхой шалгуурын үндсэн дээр хамтран ажилладаг.
Тэгвэл Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээний онцлог талын талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
Төрийн банкны хувьд “Эрсдэлгүй Ирээдүйн Баталгаа” уриатайгаар харилцагчиддаа банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажилладаг ба бид өөрсдийн харилцагчидадаа банкны бүх төрлийн үйлчилгээг хүргэхээс гадна харилцагчдынхаа ирээдүйд учирч болох санхүүгийн эрсдэлийг тодорхой хэмжээнд хамгаалах шаардлагатай. Энэ хүрээнд эрсдэлийн удирдлагын оновчтой шийдэл болох Даатгалын зуучлалын үйлчилгээг харилцагчдадаа санал болгож ажилладаг. Иймд манай онцлог бол харилцагчид маань нэгдүгээрт хамгийн ойроос буюу өөрт ойр байрлах аль ч Төрийн банканд хандаад даатгалаа хийлгэх боломжтой. Мөн бид харилцагчдынхаа цаг завыг хэмнэх үүднээс Даатгалын хүсэлтийг Онлайнаар авах үйлчилгээг нэвтрүүлээд байна. Та https://www.statebank.mn/product/1245 линкээр хандан хүсэлтээ илгээснээр танай и-мэйл хаягт Төрийн банкнаас хариу очно. Үүний дараа та и-мэйл хаягт ирсэн шууданд дурдсан бичиг баримтын хамт өөрийн сонгосон Төрийн банкны салбар, нэгж дээр очиж даатгалын хураамжийг төлөн даатгалын гэрээг баталгаажуулан авснаар даатгалын гэрээний хугацаа эхэлнэ.
Хоёрдугаарт бид харилцагчдадаа өргөн сонголтыг санал болгож байгаа юм. Харилцагчид маань банкнаас 12 даатгалын компанийн 40 гаруй бүтээгдэхүүнүүдийн нөхцөлийг хооронд нь харьцуулан өөрт тохиромжтой бүтээгдэхүүнүүдээ сонгон авах боломжтой юм.
Гуравдугаарт даатгалын компани банкны том дэд бүтцийг ашиглан бүтээгдэхүүнээ борлуулах нь зардлын хэмнэлттэй байдаг тул манай харилцагчид даатгалын үйлчилгээг боломжит хямд үнээр худалдан авах сонголтыг бий болгож байна.
Төрийн банкны Даатгалын газрын үйл ажиллагааны талаар товч тайлбарлана уу?
Манай газрын хувьд Төрийн банкны даатгалын зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд бид
Даатгалын болон зохицуулагч байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байж, холбогдох сургалт, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажилладаг. Жишээ нь манай банк Банкны холбооны дэргэдэх Даатгалын зуучлалын мэргэжлийн зөвлөлөө сүүлийн 2 жил удирдан ажиллаж байна.
Даатгалын зуучлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, банкны үндсэн үйл ажиллагаатай уялдуулах хөгжүүлэлтийг тогтмол хийдэг. Ж.нь манай банкнаас гаргасан залуучуудад зориулсан Z карт эзэмшигчдийг эхний жил гэнэтийн ослын даатгалд үнэгүй хамруулах, Платинум карт эзэмшигчдийг гадаадад зорчигчдын даатгалд хамруулах, бага дунд орлоготой иргэдэд зориулсан Хүртээмжтэй даатгалын 4 бүтээгдэхүүнийг зуучлан борлуулж байна.
Харилцагчдадаа мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх үүргийнхээ хүрээнд салбар нэгжүүдийн даатгалын зуучлалын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, сургалтад хамруулах, заавар зөвлөмжөөр хангах зэрэг ажлуудыг хийдэг.
Мөн үүнээс гадна банк нь санхүүгийн үйлчилгээнүүдийг хүргэж байгаагийн хувьд ямар ч үед тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх шаардлагатай. Энэ хүрээнд даатгалын зуучлалын үйл ажиллагаанаас гадна манай банк нийт ажилтан албан хаагчдаа гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалд хамруулах, банкны хөрөнгийг учирч болох аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалж даатгуулах үйчилгээг тогтмол авдаг бөгөөд энэхүү ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг.
Ярилцсанд баярлалаа.