Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд хяналт шалгалт хийсний дараа оршин суух зөвшөөрөл олгоно



ОХУ-ын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ний өдөр цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу өдөрт нэвтрэх орос иргэдийн тоо эрс өсөөд байгаа юм. Албаны байгууллагуудын мэдээлснээр энэ тоо гурав дахин нэмэгдэж, зөвхөн Алтанбулаг боомтоор найм хоногийн хугацаанд хойд хөршийн 6000 гаруй иргэн нэвтэрчээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал харьцангуй тогтворжиж  өмнөх өдрүүдээсээ 2-3 дахин буурсан гэдгийг Хил хамгаалах ерөнхий газраас  мэдээлсэн.  Цаашид Монголд орж ирсэн ОХУ-ын иргэд яах вэ гэсэн асуулт гарч ирээд байна. Энэ талаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАВДУГААР ЗҮЙЛД:

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."гадаадын иргэн" гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг;

5.1.2."уригч" гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг;

5.1.3."дамжин өнгөрөгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнийг;

5.1.4."түр ирэгч" гэж Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг;

5.1.5.“хувийн хэргээр оршин суугч” гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг;

-Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдэж байна. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу ОХУ-ын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай. Харин энэ хугацаа дууссан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан  мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ хугацаа нь дуусвал цаашид хэрхэх вэ?

-Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна. Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа,  улс төр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад түр оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулна. Үүний үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл зөвшөөрлийг түр хугацаанд олгоно. 

-Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу. Хяналтыг хэрхэн яаж тавих вэ?

-Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана. Түр оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр түр оршин суух зөвшөөрөл олгоно.

Жишээлбэл, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, сургалтын төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна. 

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, албадан гаргах эрх бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэх газар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ