Коронавирусийн цар тахлын халдварын үед орон нутагт хамгийн их тулгамдсан асуудлын нэг бол хүчилтөрөгчийн хангамж байсан. Аймгууд хүчилтөрөгчийн үйлдвэргүйгээс болж амь тэнцсэн болон яаралтай тусламж үзүүлэхэд хүндрэл үүсэж байсан юм.
Тэгвэл ЭМЯ-наас энэ асуудалд анхаарал хандуулж, 2022 онд 15,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон лавлагаа шатлалын эмнэлгүүдэд гурвалсан системт буюу хүчилтөрөгч, агаар, вакумыг нэг дор үйлдвэрлэх хүчин чадалтай Герман улсын АДЕКОМ брэндийн бүрэн автомат, ухаалаг систем бүхий 26 ширхэг “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН БЭСРЭГ ҮЙЛДВЭР”-ийг байгууллаа.
Өмнө нь орон нутгийн эрүүл мэндийн төв, сумдын эмнэлгүүд Улаанбаатар хотоос баллонтой хүчилтөрөгчийг долоо хоногт 2-6 удаа зөөвөрлөн хэрэглэдэг байсан. Ингэх явцад автомашин эвдрэх, хотод ирээд хүлээх, орон нутагтаа хугацаандаа очиж чадаагүйгээс өвчтөнд хүндрэл үүсэх, хүчилтөрөгчийн хэрэглээ тасалдах гэх мэт хүндрэлүүд гардаг байжээ.
Үүнээс гадна аймгууд хүчилтөрөгчийн зөөврийн баллоноо цэнэглүүлэхэд зориулан жилдээ 50-100 сая төгрөгийг зарцуулдаг байсан юм. Жишээ нь Дорноговь аймаг жилд 50 сая төгрөг, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг 80 орчим сая төгрөг, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгууд 100 орчим сая төгрөгийг зөвхөн баллон цэнэглэх, тээвэрлэхэд зарцуулдаг байсан байна.
Ийнхүү орон нутгууд бэсрэг үйлдвэртэй болсноор тээвэрлэлтийн зардлыг хэмнэж, төсвийн дарамтын бууруулахаас гадна доорх давуу талууд бий болж байна.Үүнд:
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нь цагт 20 метр.куб хүчилтөрөгч үйлдвэрлэж, 24 цагт 70 баллоныг цэнэглэх хүчин чадалтай бөгөөд эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, дотор, мэс засал, халдварт, хүүхдийн тасгуудад ханын системээр хүчилтөрөгчийг өвчтөнд өгч амьсгалын дутагдалтай иргэд өрөөнөөсөө хүчилтөрөгчөөр хангагдах боломжтой болсон.