Тээврийн цагдаагийн албанаас 7 машин мөргөж, 1 хүүхэд мөргөн, хөлийг нь хугалсан ослын талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, хоёр явган зорчигч гэмтээсэн. Явган зорчигчид 12 настай хүүхдүүд байсан зам тээврийн осол энэ сарын 10-нд гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн авто машины эзэмшигчид Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй гэв.
Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шүүх эцэслэн шийднэ гэв.
Жолооны курсуудын сургалтын тогтолцоог БШУ, курсуудын үйл ажиллагаа болон аттестатчиллыг ХНХЯ, шалгалтыг Тээврийн цагдаагийн газрын бүртгэл хяналтын төвөөс хянан явуулдаг байна. Сүүлийн үед осол гаргасан жолооч нарын нас залуужиж байгааг анхааруулав.
Нийслэлд явган хүний замын шаардлагыг хангаагүй буюу тэмдэг тэмдэглэгээгүй 60 гарц бий. Тэдгээрийн мэдээллийг Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 426 хүний амь хохирч, 2150 хүн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 мянган зөрчил илэрч, таслан зогсоосон байна.
Иргэд тээврийн хэрэгсэл жолоодох, замын хөдөлгөөнд оролцох явцдаа гар утсаа барьчихсан явдаг. Үүний улмаас осолд их өртөж байна. Энэ оны эхний 9 сард 19 мянга орчим осол гар утаснаас үүджээ. Жолооны курст суралцах явцдаа машин авч, машин жолоодох зөрчил түгээмэл байна.