Манай улсын гадаад эрэлт 2016 оны II улиралд өмнөх улирлаас ялимгүй сайжирч, өмнөх төсөөллөөс бага зэрэг өндөр гарсан байна. Хэдийгээр гадаад орчин 2016 онд сайжирч байгаа боловч Монголбанк үүнийг тогтвортой биш гэж үзэж байгаа бөгөөд Инфляцийн төсөөллийг эдийн засгийн өсөлт, нийт эрэлттэй уялдуулан өмнөх төсөөллөөс буурууллаа хэмээн Монголбанк “ Инфляцын төлөв байдлын тайлан”-даа онцолж байна.
Тухайлбал суурь төсөөллөөр жилийн инфляци 2017 оны 2 дугаар улирал хүртэл өнөөгийн түвшнээс буурч, үүнээс цааш өсөх төлөв гарчээ. Инфляци төсөөллийн хугацаанд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан зорилтот түвшнээс бага байх хандлага ажиглагдсан байна. Тодруулбал хүнсний болон хүнсний бус инфляци 2017 оны сүүлийн хагас хүртэл үргэлжлэн буурах, мах, хүнсний ногооны үнийн сааралт нь хүнсний жилийн инфляци 2017 оны эхний хагас хүртэл буурахад нөлөөлөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр сүүлийн 4 жилийн турш буураад байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн бууралт 2016 онд саарч, 2017 онд эргээд өснө гэсэн төсөөлөл гарсан нь хүнсний үнэ өсөх гол хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.
Эдийн засгийн идэвхжил үргэлжлэн саарч байгаа тул 2016 онд хүнсний бус инфляци буурах хандлагатай байгааг Төвбанк 9 дүгээр сарын инфляцийн төлөв байдлын тайландаа тусгажээ. Харин 2017 оны хувьд нийт эрэлт буурах төлөв хүнсний бус инфляци нам түвшинд хадгалагдахад нөлөөлөх гэнэ. Ингэснээр инфляци 2017 онд харьцангуй тогтвортой байх төлөв гарчээ.
Харин Улаанбаатар хотын жилийн инфляци 2016 оны 6 дугаар сард 1.2 хувь гарч, энэ нь өмнөх улиралтай ижил, харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.0 нэгж хувиар буурсан байна. Тэгвэл өндөр хэлбэлзэлтэй 7 бараа, бүтээгдэхүүнүүдийг хэрэглээний сагснаас хасч тооцдог суурь инфляци 2016 оны 6 дугаар сард 2.9 хувь гарсан нь өмнөх улирлаас 0.1, өнгөрсөн оны мөн үеэс 6.7 нэгж хувиар буурчээ.
Суурь инфляци сүүлийн 31 сарын турш ерөнхий инфляциас өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч хоорондын зөрүү нь сүүлийн 2 улирал дараалан агшаад байна. Энэ нь махны үнэ оны эхний хагаст эрчтэй нэмэгдсэнтэй холбоотой. Суурь инфляцийн тооцоонд ордоггүй мах, сүү, хүнсний ногооны дундаж үнэ 2016 оны 6 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар хямдарчээ.
Эх сурвалж : Монголбанк