Монгол Улсын иргэн эмэгтэй Оросын хилээр нэвтрэхдээ хадаг нуун авч гарахыг завдсан хэргээр саатуулагджээ. Энэ талаар Соловьевийн гаалийн алба мэдээлснийг "Байкал дейли" дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн эмэгтэй суудлын автомашины нөөц дугуйнд 260 хадаг нуусан байжээ. Гаалийн үзлэгийн үеэр гаалийн байцаагч багажинд байх нөөц дугуйны жин их байгааг анзаарсан гэнэ. Улмаар үзлэг хийхэд тус бүрдээ 20 хадаг хийсэн 13 уут олжээ.
"Орос руу нэвтрэх үедээ тухайн эмэгтэй гаалийн мэдүүлэг бөглөөгүй, зайлшгүй мэдүүлэх бараа бүтээгдэхүүн авч яваагүй гэж хэлсэн. Нуусан барааг олсны дараа танихгүй хүнээс дугуй худалдаж авсан, дотор нь бараа нуусан гэдгийг мэдээгүй хэмээн тайлбарласан" хэмээн Читийн гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Улмаар гаалийн байцаагчид Монгол Улсын иргэний эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Бараа бүтээгдэхүүнийг нуух замаар гаалийн хяналтаас зайлсхийсэн" хэргээр захиргааны хэрэг үүсгэсэн байна. Оросын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн энэ хэсэгт заасан хэрэгт торгуулийн шийтгэл оноодог аж. Тодруулбал, иргэн болон хуулийн этгээдийг захиргааны хэрэг зөрчилд хамаарах бараа болон тээврийн хэрэгслийн үнийн дүнг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль оноох, бараа бүтээгдэхүүнийг хураах шийтгэл оноодог юм байна.