Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс огцрохоо мэдэгдлээ. Трасс хаан Карл III-д огцрох тухайгаа аль хэдийн мэдэгдсэн гэдгээ хэлсэн байна. Түүний хэлснээр, одоо Консерватив нам засгийн газрыг толгойлох удирдагчийг сонгох шинэ сонгууль явуулах болно.
Лиз Трасс огцрохоо мэдэгдээд "Олон улсын хэмжээнд эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн үед би албан тушаалд очсон" гэжээ.
"Путины Украинд хийсэн хууль бус дайн нь манай тивийн аюулгүй байдалд заналхийлж байна. Мөн манай улс эдийн засгийн өсөлт багатай байдалд хэтэрхий удаан саатсан" гэж Ерөнхий сайд үргэлжлүүлэв. "Би Консерватив намаас үүнийг өөрчлөх даалгавраар сонгогдсон. Бид эрчим хүчний төлбөрийн талаар санал гаргаж, үндэсний даатгалын төлбөрийг танасан. Бид Brexit-ийн үр дүнд олж авсан давуу тал, эрх чөлөөгөөр хурдацтай хөгжиж буй, татвар багатай эдийн засгийн алсын хараагаа тодорхойлсон" гэж Трасс хэлжээ. "Гэсэн хэдий ч нөхцөл байдлыг харгалзан намайг сонгосон Консерватив намаас өгсөн бүрэн эрхээ биелүүлж чадахгүй гэдгээ би хүлээн зөвшөөрч байна" гэж тэр хэлжээ.
Ерөнхий сайд өмнө нь гаргасан татварын санаачилга болон зарласан төсвийн төлөвлөгөөгөө цуцалсан Сангийн сайдаа сольсноос болж ширүүн шүүмжлэлд өртөж байсан.
Консерватив үзэлтнүүдийн нэр хүнд сүүлийн долоо хоногт Их Британийн социологийн судалгааны түүхэн дэх хамгийн доод түвшинд хүртэл буурчээ. Трасс таван долоо хоногийн өмнө Консерватив намын дарга, Ерөнхий сайдаар сонгогдсон. Тэрээр шинэ Ерөнхий сайд сонгогдох хүртэл энэ албан тушаалаа үргэлжлүүлнэ.
Лиз Трасс засгийн эрхэнд ердөө 45 хонож байгаа нь Их Британийн Ерөнхий сайд огцрохоо зарлахаас өмнөх түүхэн дэх хамгийн богино хугацаа юм.