-Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БХбД 22-01-21/ барилгын норм ба дүрмийг шинэчлэн баталсан. Таны энэ норм ба дүрмийг боловсруулсан хүмүүсийн нэг. Тиймээс энэ нормын тухай ерөнхий мэдээллийг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Монгол орны газар нутгийн 75 хувь, барилгажилтын 90 гаруй хувь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддаг. Тиймээс газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх нь барилгын бат бэх чанарын асуудалтай шууд холбоотой учраас газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөхдөө норм дүрмийн шаардлагыг сайтар тусгах ёстой гэсэн үг. Газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх, тавигдах шаардлагуудыг тогтоосон норматив баримт бичгүүдийг боловсруулж гаргах, боловсруулж гаргасан норматив баримт бичгүүдийг шинэчлэх ажлуудыг барилгын асуудал хариуцсан төрийн байгууллагаас тасралтгүй хийж байдаг. Энэ ажлын хүрээнд 2021 онд газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм дүрмийг шинэчилж, 2017 онд боловсруулсныг 2021 оны 11 сард баталсан.
-Энэ норм дүрмийг өөрчлөх шалтгаан, шаардлага нь юу байв. Магадгүй хуучин норм, дүрэм стандартууд хуучирсан гэх мэт шалтгаанууд байсан уу?
-Өмнөх норм дүрэм нэлээд хуучирсан. ОХУ-ын 2000 онд гарсан норм дүрэмд үндэслэн манай норм боловсруулагдсан. Үүнээс хойш манайх норм, дүрэмд өөрчлөлт хийгээгүй. Харин ОХУ норм дүрмээ маш олон удаа шинэчилсэн. Сүүлийн жилүүдэд бүр жил бүр өөрчлөлт, шинэчлэлт хийж ирсэн. Тодруулбал, ОХУ нь 2008 онд Европын холбооны улсын гишүүнээр элсэж, энэ хүрээнд европын норм, стандартуудыг өөрийн улсын барилгын норм стандартуудад нийцүүлэх, нэвтрүүлэх чиглэлээр маш их өөрчлөлт хийсэн юм. Тэр дундаа газар хөдлөлтийн бүсэд барилга төлөвлөх норм ихээхэн өөрчлөгдөж, Европын холбооны жишиг рүү нэлээд ойртсон.
Нөгөө нэг хүчин зүйл нь, 2017 оноос Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт бусад хот суурин, аймгийн төвүүдэд газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлалын ажлыг шинээр хийж батлуулж байгаа. Газар хөдлөлтийн хөнөөлийн давтагдал, эрчим хүчийг олон улсын жишгийн дагуу өөрчлөх зорилготой гэсэн үг. Ер нь бол манай хуучин мужлал газар хөдлөлтийн хөнөөлийн бичил мужлал 1970-1980 хэдэн онд өөрчлөгдсөн хойш дахин өөрчлөлт ороогүй, нэлээд хуучирсан байсан. Бидний норм дүрмийг суурь болгож авч хэрэглэдэг ОХУ-ын норм дүрэм 1997 оноос хойш газар хөдлөлтийн бичил мужлалаа шинэчилж, өөрчилж ирсэн байдаг.
-Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх /БХбД 22-01-21/ барилгын нормд ямар ямар онцлох өөрчлөлтүүд оров ?
-Шинэчилсэн нормд газар хөдлөлтийн бүсэд шинээр төлөвлөж байгаа барилга, мөн засвар, өөрчлөлт хийх барилгуудад үйлчилнэ. Мөн тээврийн барилга байгууламжууд, усан техникийн барилга байгууламжууд, зам гүүр гэх мэт барилга байгууламжуудыг хамарсан норм дүрэм юм. Шинээр хуучин байсан нэлээд заалтууд, нэр томьёог өөрчилж, зарим тулгуул ойлголтуудыг өөрчилж, цоо шинэ олон бүлгүүд нэмэгдсэн. Жишээлбэл, ган бүтээц, цутгамал төмөр ханатай барилга, том блокон барилга, галын хэсэг гэх мэтээр шинэ бүлгүүд нэмэгдсэн байна. Мөн барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг сааруулах зорилгоор тавьдаг тусгаарлагч, сааруулагчийг тавьсан барилга байгууламжуудад үндсэн шаардлагуудыг багтааж өгсөн байна. Мөн газар хөдлөлтийн дараа эвдэрч хэмхэрсэн барилгуудыг сэргээн засах, газар хөдлөлтийн бат бэхийг үнэлээд, шаардлага хангахгүй барилгуудыг хүчдэлийг бэхжүүлэх талд тавих ерөнхий шаардлагуудыг багтаасан. Нэр томьёо, тодорхойлолтуудыг шинэчлэгдсэн. Олон улсын жишигт нийцсэн нэг томоохон өөрчлөлт бол Өндөр ба онцгой барилгуудад газар хөдлөлтийн төсөвлөлт буюу газар хөдлөлтийн үйлчлэлийг 2 түвшинд заавал авч өгөхийг шаардсан ийм шаардлага шинээр нэмэгдсэн. Ямар түвшинд тооцооны ямар газар хөдлөлтийг авах вэ гэдэг ойлголтыг зааж өгсөн гэсэн үг.
Мөн өндөр ба онцгой барилгад газар хөдлөлтөд хөрсний ангиллын үзүүлэлтийг нэмж тодотгож өгсөн байна. Хуучин бол хөрсний геологийн бүрэлдэхүүнээр ангилалд байсан бол одоо газар хөдлөлтийн хэлбэлзэл уг хөрсний орчин дундуур тархахдаа холбогдсон хурд, хөрсний нягтыг харуулдаг стандарт, туршилтуудыг тооцож үзэх ийм шаардлагыг нэмж тавьсан байгаа. Мөн барилгад нөлөөлөх газар хөдлөлтийн хүчний их, багыг тодорхойлоход хамгийн нөлөө бүхий зөвхөн газар хөдлөлтийн хүчнээс хамаардаг, барилгын динамик илтгэлцүүрээс хамаардаг. Энэ илтгэлцүүрийн хуучин нормд томьёо ба графикийг зааж өгсөн бол одоо үүнээс гадна зохих үндэслэл байвал судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр өөрсдөө боловсруулж, тухайн барилгад илүү хөнөөлтэй, тохиромжгүй эсэхийг олж тогтоож хэрэглэхийг зөвлөсөн. Өндөр ба онцгой барилгад бүр тусгайлсан судалгаагаар энэ илтгэлцүүрийг тогтоож хэрэглэх шаардлагыг зааж өгсөн байгаа. Энэ үүднээс өндөр барилгад нормд заасан динамик илтгэлцүүрийг зөвхөн тооцоо төслийн урьдчилсан шатанд хэрэглэхийг зааж өгсөн байна.
-Өндөр барилгад газар хөдлөлтийн норм ба дүрмийг хэрхэн тусгасан бол?
Сүүлийн үед манай улсад өндөр барилгууд их баригдаж байна. Мөн үйлдвэрийн шинж чанартай зарим барилгуудад газар хөдлөлтийн үйлчлэлийг багасгах, бууруулах шаардлага үүссэнтэй холбогдуулаад барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг бууруулах, эсвэл газар хөдлөлтийн үйлчлэлийг барилгын бүтээц өөрөө сааруулах ийм төхөөрөмж, бүтээцийг хэрэглэхтэй холбогдсон ерөнхий шаардлагуудыг тусгаж өгсөн байгаа. Энэ нь хуучин нормд байгаагүй. Мөн тооцооллыг хуучин нормд байсан илүү дутагдалтай зүйлүүдийг илүү тодруулж, сайжруулсан байна. Үүний нэг жишээ бол тооцооны загварыг хэд хэдэн янзаар, энгийн барилгад ямар байх уу, төвөгшилтэй барилгад ямар байх уу гэх мэт шинэ заалтууд орсон байна. Ингэхдээ энгийн төлөвлөлттэй барилга нь ямар барилга вэ гэдгийг нарийвчилж зааж өгсөн. Мөн шугаман нарийн, өндөр түвшний тооцооны аргыг олон улсын түвшинд зааж өгсөн. Шугаман бус хугацаагаар шинэчлэх арга, мөн шугаман бус статик аргуудыг хэрэглэхэд тооцооны загварыг хэрхэн авах, тооцооны ямар үзүүлэлтийг шалгах, ийм заалтуудыг нэмж өгсөн. Мөн зураг төсөвчдөд эрх чөлөө олгох маягаар барилгын байгуулалт буюу өндрийн дагуу хөшөөнийг өөрчилж, уян хатан өөрчилж, ихэсгэж, багасгаж болох ийм заалтууд орсон. Ер нь Монгол Улсын барилгын зураг төсөлд баримтлах норматив баримт бичгийн тогтолцоо гэдэг удирдлагын баримт бичиг батлагдсантай холбоотойгоор зураг төсөвч маань тухайлсан нэг объектод норм дүрмийг илүү чөлөөтэй, норм дүрмийг өөрчилж хийх, тусгайлсан техникийн нөхцөл боловсруулж батлуулж зураг төслөө хийх ийм бололцоо хэвээрээ байгаа. Энэ нормын өөрчлөлтөөр шинээр хүндрэл бэрхшээлийг бий болгосон зүйл байхгүй. Хуучин шаардлагуудыг тодотгосон, сайжруулсан, эмхэлж цэгцэлсэн гэж ойлгож болно. Энэ нормтой холбогдсон тооцооллыг орчин үеийн программын хэрэгслүүд ялангуяа манайд зөвшөөрөлтэй программаар бүгдийг нь хийх бололцоотой байгаа. Шинээр боловсруулсан нормын заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэхэд туслах нормыг тайлбарласан барилгын дүрмийг шинээр боловсруулсан, одоо батлах шатандаа орж байна. Энэ барилгын дүрэмд газар хөдлөлтийн нормын шаардлагуудыг биелүүлж хэрэглэхэд туслах заавар, зөвлөмжүүдийг өгсөн ийм ач холбогдолтой баримт бичиг юм.