УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд хүчирхийлэлд өртөгсдөд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс гадна аюулгүй байдлын, хүүхэд хамгааллын, нийгмийн хамгааллын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр зааж өгсөн аж.
Мөн орон нутаг бүрт хүчирхийлэлд өртөгсдийг байршуулах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ байгуулна. Гол нь санхүүжилтийг нь шийдэх шаардлагатай тул 2017 оны төсөвт тодотгол хийх үед шаардлагатай төсвийг нь баталж өгөх ёстой болж буй юм байна.
Гэр бүлийн хүчирхийллийг эхний удаа үйлдсэн бол захиргааны хариуцлага хүлээлгэх бол удаа дараа үйлдсэн нөхцөлд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, Эрүүгийн хуулиар шийтгүүлнэ.
Одоогийн нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэгсэдтэй холбоотой гомдлын 90 орчим хувь нь мөрдөн байцаалтын шатанд эвлэрсэн гэдэг үндэслэлээр хүчингүй болдог байна. Гэтэл дараа нь дахиад хүчирхийлэл үйлдэгддэг. Иймээс мөрдөн байцаалтын шатанд энэ төрлийн хэрэгтэй холбоотой гомдол эвлэрсэн гэдэг шалтгаанаар хүчингүй болохгүй, хохирол барагдаж, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд шүүхээр хэлэлцэж, шийдэх болжээ.
Хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг үргэлжилж байна.