“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II”-ын Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь нийт 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, дотоод шүүрлийн эмгэг, эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Тэгвэл бид үтрээний үрэвсэл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус төвийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Батсайхантай ярилцлаа.
Танай төв эх, нярайн тусламж үйлчилгээнээс гадна эмэгтэйчүүдийг чиглэлийн эмчилгээг хийдэг. Энэ талаар мэдээлэл өгнө үү.
Манай эмнэлгийн хувьд харьяалал харгалзахгүйгээр эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, дотоод шүүрлийн эмгэг эмгэгүүдэд ЭМЧИЛГЭЭ болон МЭС ЗАСЛЫН тусламж үйлчилгээг үзүүлж байгаагаар онцлогтой.
Манай эмнэлэг нь мэс засал хийх орчин нөхцөл бүрэн хангагдсан бөгөөд мэс заслын орчин үеийн вакумжуулсан 9 өрөөтэй, бүх төрлийн хэвлийн нээлттэй болон хэвлийн дурангийн мэс засал, үтрээний орчмын нөхөн сэргээх мэс заслуудыг хийж байгаа.
Эх барихын эмнэлэг нь жирэмсний болон эмэгтэйчүүдийн мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагаар, өдрийн ажлын 8 цаг, шөнийн жижүүрийн 16 цагаар үзүүлэн, нэг өдөрт дунджаар 20 орчим мэс заслыг хийгдэж байна.
Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэг ямар ач холбогдолтой вэ?
Жирэмсний сайн тээлтийг үргэлжлүүлэх, бие сайтай хүүхэд төрүүлэхийн тулд эмэгтэй хүн болгон эрүүл байх нь хамгийн чухал байдаг.
Эрүүл байхын тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тодорхой хугацааны давтамжтайгаар байнга үзүүлэх нь өндөр ач холбогдолтой байдаг. Жишээлбэл, манай улсад 3 жил тутамд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг шинжилгээг хийгдэж байгаа. Илрүүлэг үзлэг өндөр хувьтай явагдаж байна. Энэ илрүүлэг үзлэг, шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэгүүд оношлогдож, эмчлэгдэн эрүүл болж буй эмэгтэйчүүд байгаа.
Монгол эмэгтэйчүүдийн дунд цаг уур орчны ур амьсгалтай холбоотойгоор эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин давамгайлах хандлагатай байдаг. Мөн эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдар, өндгөвч болон дайврын хоргүй хавдар гэх мэтийн өвчнүүд их тохиолддог.
Тиймээ эмэгтэйчүүд аливаа нэг өвчнийг хүндрүүлж, хэцүү байдалд орж, эцсийн үе шатанд ортлоо хүндрүүлэхгүйгээр ЭРТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ хамрагдаж, эрт үед эмчлэгдснээр бүрэн төгс эмчлэгдэх боломжтой гэдгийг хэлмээр байна.
Монгол эмэгтэйчүүдийн тухайд манай орны цаг агаар ихэвчлэн хүйтэн сэрүүн уур амьсгалтай, нэг өдөр хэт халдаг, нэг өдөр хэт хүйтэрдэг учраас үрэвсэлт өвчин үүсгэх үндсэн нөхцөлийг бий болгож байдаг.
Тогтмол биш хүйтэн сэрүүн уур амьсгалтай учраас хүмүүсийн дархлаа маш амархан мууддаг. Мөн эрүүл хооллолт, хоолны дэглэм, ажлын ачаалал, стресстэй холбоотойгоор дархлаа маш амархан суларч, үрэвсэлт өвчин сэдрэх эрсдэл үүсдэг.
Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин гэж яг юуг хэлээд байна вэ?
Үтрээ нь хэвийн, ашигтай нянтай, өөрийн гэсэн тодорхой орчинтой байх ёстой байтал үрэвслээс шалтгаалан хэвийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой үтрээний болон эмэгтэйчүүдийн бага аарцагт үрэвсэлт өвчин элбэг тохиолддог. Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин олон эмгэгийн суурь болдог.
Үрэвсэлт өвчнийг эмчлэхгүйгээр удаан явснаар хүндэрч, улмаар биеийн эсэргүүцэл дархлаа унаж, хэвлийн бага аарцагт идээт үрэвслээр өвдөх, мөн байнгын удаан хугацаагаар эмчилгээг хийхгүй явснаар үргүйдлийн голлох шалтгаан болдог.
Жирэмсний хяналтад эрт орж, шинжилгээнүүдээ бүрдүүлээд эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэг байх юм бол эрт үед нь эмчилгээ хийгээгүйгээс болж, бага сартайд зулбах, ураг өсөлтгүй болох, ураг орчмын шингэн эрт гарах, дутуу төрөлт үүсэх гэх мэтийн эрсдэлүүд их гардаг.
Нэг анхаарах зүйл бол сарын тэмдгийн алдагдал, өөрчлөлтүүдийн ихэнх үед нь өндгөн эсийн ялгаралт явагдаж, үндсэн өвчний анхдагч суурь болчих гээд байдаг учраас эмэгтэй хүүхдийн заавал насанд хүрээд жирэмслэх үед нь анхаарах биш, хүүхэд ахуй цагаас нь эхлээд эрүүл мэндэд нь анхаарснаар ЭРҮҮЛ ЭЭЖ байх, цаашлаад эрүүл хүүхэд төрүүлэх гол нөхцөл болж байдаг.
Үрэвслийн шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
Үрэвсэлт өвчний үед ихэнхдээ үтрээнээс гарах ялгадасны өнгө, үнэр, хэмжээнд өөрчлөлт орж эхэлдэг. Мөн дээрээс таагүй мэдрэмж төрдөг. Үүнд, загатнах, хорсох, улайх, магадгүй шархлаа гарах, бэлгийн хавьтлын үе болон сарын тэмдгийн үеийн өвдөлт зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Энэ үед хамгийн түгээмэл хэрэглэдэг МАЗОК-ийн шинжилгээг өгч үрэвслийг оношилдог.
Зөвхөн үтрээ үрэвссэн гэж бодож болохгүй. Түүний цаана умай, умайн хүзүү байгаа учраас савны амсар ч гэсэн үрэвсдэг.
Маш эмзэг эрхтэн бөгөөд амархан үрэвсдэг юм байна. Тэгвэл үтрээгээ үрэвсүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ?
Бэлгийн ариун цэврээ сахих, ерөнхий биеэ эрүүлжүүлэх ёстой. Охин наснаас нь хүүхдээ эрүүл байлгахад бүхий л талаар нь анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ шүдийг эрүүл байлга. Хоолойг нь өвтгөхгүй байхад анхаар. Дархлааг нь дэмжиж, зөв хэвшилд сургах хэрэгтэй.
Хэрэв үрэвсэлтэй бол цогц эмчилгээ хийлгэснээр үр дүн гарна. Тэгж байж үрэвслийн эмчилгээ үр дүнтэй болно. Үндсэн бусад эмчилгээг хийлгэхгүй бол үрэвсэл бүрэн дарагдахгүй.