Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ТҮЦ эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа



УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдөр /2016.12.15/ ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгчид Өргөдлийн байнгын хороонд хандсан. Үүний дагуу төлөөллийг хүлээн авч уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн” гээд ТҮЦ эрхлэгчдийн өргөдлийг уншиж сонсгов.

ТҮЦ эрхлэгчид өргөдөлдөө “Газрын зөвшөөрөлгүй нэрийдлээр бидний ажлын байрыг хурааж  буй нь тулгамдсан асуудал боллоо. ТҮЦ эрхэлсэн цагаасаа зөвшөөрөл авах гэж хөөцөлдсөн ч үр дүнд хүрээгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ингээд хаачихвал олон хүн амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрнэ. ТҮЦ буулгаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” хэмээжээ.

Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Нийслэлийн захирагчийн ажлын албаны албан тушаалтнуудаас тайлбар өгөхийг хүссэн. Асуултад Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Сэргэлэн хариуллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 1132 ТҮЦ байгаа. Нийслэлийн ерөнхий менежерийн баталсан ТҮЦ байршуулах журамд заасны дагуу 375 байршил баталсан байдаг. Үүнээс илүү гарч буй нь зөвшөөрөлгүй гэсэн үг. Иргэд ТҮЦ-ийг орчныг бохирдуулж, хүнсний аюулгүй байдлыг хангахгүй хагас боловсруулсан, хаяг шошгогүй бараа, архи тамхи худалдаалж байна гэсэн гомдол их ирүүлдэг” хэмээн хариуллаа.

Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл зөвхөн иргэд гомдол ирүүллээ гээд ТҮЦ-ийг буулгаж асуудлыг шийдвэрлэх бус аль аль талаа бодсон алхам хийх  ёстойг хэлсэн.

Үүнд мэргэжилтэн Т.Сэргэлэн “Иргэдийн гомдлын мөрөөр Газрын алба, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд нэгдсэн шалгалт хийж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг баримтаар тогтоосон. Тиймээс эхний ээлжинд зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хаая гэж байгаа юм. Гэхдээ олон жил ажиллуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулдаг ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй байршилд шилжүүлэх, худалдааны төвүүдэд лангуу түрээслүүлэх боломжоор хангах бодлого барьж байгаа” гэж хэллээ.

ТҮЦ эрхлэгчид нийслэлээс гаргаж буй энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ хугацааг ирэх оны тавдугаар сарын 01 хүртэл хойшлуулж өгөөч гэж санал гаргав. Учир нь өр зээлтэй айл өрх өр зээлээ дарж, дараагийн ажлын байраа бэлтгэхгүй бол амьжиргаагаа залгуулахад хүнд болно гэсэн. Мөн 60-70 ТҮЦ байгуулаад, түүнийгээ түрээсэлж бизнес хийдэг хүмүүсийг үлдээгээд ганц ТҮЦ ажиллуулж амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийг хохироож болохгүй гэсэн  байр суурьтай байлаа. Үүнийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл дэмжиж, иргэдийн хүсэлтээр ТҮЦ буулгах хугацааг хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүдэд хандаж хэлсэн.

Мэргэжилтнүүд “Боломжтой гэж бодож байна. Ажлын хэсэгтээ энэ асуудлыг тавьж,   эргээд хариу мэдэгдэе” хэмээн хариуллаа. Уулзалтын төгсгөлд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ТҮЦ эрхлэгч иргэдийн саналыг хүлээж авч шийдэх тохиролцоонд хүрлээ гэж ойлголоо” хэмээн хэлэв.

Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ