Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн хамтарсан багийн гишүүд болох УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн мэс заслын эмч Н.Энхтайван нарын "Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ТӨРИЙН СОЁРХОЛ" хэмээх эрхэм хүндэт шагналыг олголоо.
Шинжлэх ухаан, техникийн томоохон нээлт, ололт, технологийн туйлын оновчтой шийдэл, амжилт бүтээлээрээ гадаад дотоодод алдаршсан олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эрхэмүүдэд “ТӨРИЙН СОЁРХОЛ” хүртээдэг билээ.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал энэ үеэр "УНТЭ болон ГССҮТ-ийн хамтарсан баг "Өвдөг, мөрний үений зөөлөн эдийн гэмтлийг дурангийн аргаар нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээрээ "Төрийн соёрхол" хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. Энэ бол биднийг, манай баг хамт олныг өндрөөр үнэлж буйг харуулж байна. Энэ нэр хүндтэй шагналыг ид хийж бүтээх насан дээрээ хүртэж байгаа эмч нартаа баяр хүргэе." гэдгийг онцоллоо.
УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн зөвлөх эмч Т.Мөнхсайхан:
Том эмнэлгүүдийн хамтарсан баг "Төрийн соёрхол" хүртэж байсан удаагүй. Энэ нь эмнэлгүүд нийлж, нэгдэж хийж бүтээвэл ямар амжилтанд хүрэх вэ гэдгийг харуулж байгаа хэрэг. Монгол Улсын анхны "Төрийн соёрхолт" сувилагч мөн бидэнтэй хамт төрж байгаа. Сувилагч бол эмч нартай мөр зэрэгцэн ажилладаг, бүтээлийг бүтээхэд гар бие оролцдог хүмүүс гэдгийг харуулж байна. Бид 2011 онд энэхүү эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10,000 гаруй иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байна.