БНСУ-ын KOICA Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын 998 сая воны санхүүжилтээр Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнл хамтран "Улаанбаатар хотын иргэдийн сонсгол бууралтыг анхан шатанд нь илрүүлэх шинжилгээ оношлогооны орчинг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн.
Төслийн хүрээнд эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжилгээ хийх стандартад нийцсэн орчинг бүрдүүлэх, шинэчлэгдсэн төхөөрөмж дээр ажиллах боловсон хүчнийг БНСУ-д бэлтгэх, чадавхжуулах, онлайн вебинар сургалт хийх, шинжилгээ хийхэд ашиглах авиа зүйгээр баланслагдсан үгийн таблиц боловсруулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх юм.
Төслийн ажлууд эхнээсээ хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр УНТЭ-ийн Сонсгол судлалын кабинетыг иж бүрэн засварлаж, субектив сонсголын шинжилгээний аппарат, сонсголын аппаратуудыг шалгах тохиргооны төхөөрөмж зэрэг өндөр өртөгт сонсголын тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, Л.Бямбасүрэн, Халлим их сургуулийн Сонсгол, хэл ярианы эмгэг судлалын тэнхимийн профессор Junghwa Bahng болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Монголын Чих Хамар Хоолойн Эмч нарын нийгэмлэг, Рафаэл Интернэйшнлээс хичээл, зүтгэл гаргаж, КОЙКА олон улсын байгууллагаас дэмжлэг авч, Монгол Улсад маш хэрэгтэй энэхүү төслийг өргөн цар хүрээнд хэрэгжүүлж байгаад талархаж байна. Үүнээс гадна эмч, мэргэжилтнүүдийг сургах, чадавхжуулах тал дээр хамтран ажиллаж байгаа Халлим их сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Дээрх тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сонсголын шинжилгээ хийх орчин сайжирч, иргэдийн сонсголын түвшний дунджийг тодорхойлох боломжтой болно. Үүнээс гадна орон нутгийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг тус тоног төхөөрөмж дээр зохион байгуулна. Цаашид төслийг хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжиж ажиллана.” гэдгийг энэ үеэр онцоллоо.