Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвтэй боллоо



Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ажилалагаанд Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Дэлхийн зөн олон улсын байгууллагын төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус төв болзошгүй гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах болон аврах мэдлэг, дадлыг иргэд, олон нийтэд олгож, сургалт, дадлагад хамруулах юм байна. Тухайлбал, газар хөдлөлтийн гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж, обьектыг орхин хэрхэн аюулгүй орчинд гарах, өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглаж сурах зэрэг иргэдийн мэдвэл зохих анхан шатны мэдлэг, дадлыг олгох аж. Тус төв жилдээ 750 мянган иргэнийг сургалтад хамруулах бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс тодотгож байлаа.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх “Ард иргэдээ болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хамгаалах, хэрэв гамшигт өртвөл сэргээн босгох ажлыг яаралтай зохион байгуулах зүй ёсны шаардлага бидний өмнө тавигдаж байгаа. Гамшин, зовлонгоос урьдчилан сэргийлнэ гэдэг бол улс орны тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал байдаг. Тиймээс бид нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийг байгуулж ашиглалтад оруулж байна. Тус төвийг байгуулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж байна” гэлээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах, нийслэлийн хүн амд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, осол тохиолдсон нөхцөлд өөрийгөө болон өрөөлийг хэрхэн авран хамгаалах талаар мэдлэг, дадлага олгох, Улаанбаатар хотын гамшгийн эрсдлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадвар олгох богино, дунд, урт хугацааны хөтөлбөрийг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цаашид нийслэлийнхээ иргэдэд мэдлэг дадлага олгохоос гадна аюулгүй байдлыг хангахад нэн шаардлагатай олон улсын стандарт шаардлагыг хангасан багаж, техник хэрэгслээр хангахад хотын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Нийслэлийн удирдлагаас олон улсын байгууллагуудтай хамтран энэхүү төвийг түшиглэн сургалт дадлага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ дурдлаа.

Сургалт арга зүйн төвийн барилга нь Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим зэрэг нийт 52 өрөөтэй аж. Уг төв нь гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулахаас гадна дуудлагаар ажиллах Аврах ангитай иж бүрэн цогцолбор байгууламж юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ