Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнөөдөр /2016.12.20/ Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хурал 09.00 цагт эхэллээ.
Хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, АИХ-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ажилласан гишүүд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим хүн оролцож байгаа юм.
Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хэсгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон даргаллаа.
Хурлыг нээж УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман нар үг хэлэв.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлсэн үгэндээ “Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр УИХ-аас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээний нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм. Хурлаар шинэ Үндсэн хууль батлагдсаны ач холбогдлыг олон нийтэд хүргэх, ардчилал, Үндсэн хуульт ёсны үндэсний уламжлал, төрийн эрх мэдэл хувиарлах онол түүнийг хэрэгжүүлэх онцлог, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, улс төрийн тогтолцоон дахь институцийн харилцааны зохистой механизмийг бүрдүүлэх, сонгуулийн ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох арга хэлбэрийг боловсронгуй болгох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орноо хөгжүүлэх хэтийн төлөвтэй холбон авч үзэх, Үндсэн хуулийн дархлааг хангахад юуг анхаарах, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай уялдуулан Үндсэн хуулинд хийх өөрчлөлтүүдийг яаж хийх зэрэг олон чухал асуудлуудыг судлан үзэж бодлогын хэмжээнд эрдэмтэн судлаач та бүхэнтэйгээ хамтран ярилцах шаардлагатай гэж үзсэн” хэмээлээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Үндсэн хууль 25 жил үйлчилнэ гэдэг бол гайхамшигтай ололт юм. Үүнд Монголын нийгмийн тогтвортой байдал нөлөөлсөн ч Үндсэн хуулийг анх боловсруулагчдын ухаалаг сонголт чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй. Үндсэн хууль 1992 оноос хойш ардчилсан засаглалыг хөгжүүлэхэд бат бэх суурийг бий болгосон. Нэгдсэн үндэстний байгууллага Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ арга хэмжээнд оролцож буйдаа туйлын баяртай байна” хэмээн тэмдэглэлээ.
Үдээс өмнөх хуралд УИХ-ын гишүүн, хууль зүн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн хэрэгжилтээс үүдэн гарч буй эрх зүйн үр дагавар, боловсронгуй болгох үндэслэл, шаардлага” сэдэвт илтгэлдээ нийгмийн улс төрийн ардчилсан тогтолцоо, түүний цөм нь болсон эрх зүйт төр, иргэний нийгмийн төлөвшил, нийгмийн социал орчны өөрчлөлт болон Үндсэн хуулийн эдийн засгийн эрх зүйн зохицуулалт, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлыг тусгажээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан энэхүү илтгэлдээ “Үндсэн хууль бол 25 жилийн тэртээ монголын ард түмний хийсэн түүхэн сонголт, төр улсын маань бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, хүн ардын маань эрх, эрх чөлөөний эрх зүйн гол баталгаа юм” хэмээн онцоллоо.
Үдээс өмнөх хуралд мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт ба 5 эрх мэдлийн загвар", Чикагогийн Их сургуулийн Олон улсын эрх зүй, улстөр судлалын профессор Том Гинсбург "Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийн үр дүн: туршлага, сургамж", Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Ж.Амарсанаа "Монгол Улсын Үндсэн хуульт ёсны хөгжлийн чиг хандлага: сургамж, шийдэл", Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Үндсэн хуульт ардчилалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Дараа нь илтгэлтэй холбогдуулж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв. Илтгэлийг хуралд оролцогчдоор хэлэлцүүлснээр үдээс өмнөх хэсэг өндөрлөж, оролцогчид дурсгалын зураг авахуулав.
Хуралд оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат хуульч Б.Чимид агсны 1992 онд баталсан Үндсэн хуулийн тулгуур үзэл баримтлалыг тайлбарлан бичсэн "Үндсэн хуулийн үзэл баримтлал" ном болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан “Монгол улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ" судалгааны тайланг өглөө.
Эрдэм шинжилгээний хурлын үдээс хойших хэсэг 13.30 цагт эхэлнэ.
Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс