Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Холбооны бүгд найрамдах ардчилсан Балба улсын Гадаад хэргийн сайд Пракаш Шаран Махатын урилгаар Балба улсад энэ сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсны найрсаг айлчлал хийж байна.

Тэрээр айлчлалынхаа явцад Балба Улсын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандари, Парламентын спикер Онсари Гхарти, Ерөнхий сайд Пушпа Камал Дахал нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд П.Ш.Махаттай хоёр орны харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар хэлэлцээ хийв.

Гадаад хэргийн сайд нар сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг харилцан айлчлуулах, олон улсын харилцааны зангилаа асуудлуудаар зөвлөлдөх, парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтож, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Засгийн газруудын хооронд дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визээс харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.