Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. УИХ-ын даргын айлчлал нь хэдийгээр “ажлын” хэмээх тодотголтой боловч тус улсад хийсэн өндөр дээд хэмжээний анхны айлчлал болж байгаа юм.
Тэрбээр Эль-Рияд хотноо Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Саудтай уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцлаа.
УИХ-ын дарга М.Энхболд “Манай улс Ойрхи Дорнодын улс орнуудтай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Гэхдээ Саудын Арабтай харилцаагаа илүү сайн хөгжүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Бүс нутагтаа эдийн засгийн хөгжил, чадавхиараа тэргүүлдэг Саудын Арабаас хөрөнгө оруулалт татах, уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц гээд олон салбарт хамтран ажиллах боломж бидэнд бий. Хууль тогтоох үйл ажиллагааны хамтын ажиллагаа ч чухал. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зээл тусламж авах асуудлыг бид сонирхож байна” хэмээн үгийнхээ эхэнд тэмдэглэж хэлэв.
Хунтайж Абдулла бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэхийн төлөө байдаг. Манай гадаад бодлого нэгэн үе Европ руу чиглэж байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн бүх улс оронтой эрх тэгш хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг болсон. Ялангуяа Төв Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах нь бидний зорилго байх болно. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг бид сайн мэдэж байгаа. Тиймээс Таны тавьсан санал хүсэлтэд анхааралтай хандана. Бид найрсаг харилцаатай Монгол Улсад туслахдаа баяртай байх болно” гэлээ.
Тэрбээр ХАА, түүний дотор мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүн, үр тарианы импортын худалдааг онцлон чухалчилж байлаа. Түүний сонирхсон асуултад УИХ-ын дарга М.Энхболд дэлгэрэнгүй хариулт өгөв.
Эрхэм хунтайж “Монгол бол хөгжиж буй орон. Тиймээс өөр бусад салбарт ч хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой. Тухайлбал уул уурхай, алт зэрэг байгалийн баялгийн хайгуул, олборлолт бол бидний боломжит хамтын ажиллагааны салбар юм. Манайх ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр нэлээд туршлага хуримтлуулсан улс” гэж онцлов.
Уулзалтын төгсгөлд тэрбээр “Миний дээр дурдсан салбаруудад хамтын ажиллагаа өрнүүлж чадвал хоёр улсын харилцаанд цоо шинэ үе нээгдэх юм. Үүний тулд улс төрийн салбарт, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар судалгааны багийг удахгүй Монголд очуулна” гэлээ.
ТОДРУУЛГА: Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий том улс болох Саудын Арабын Вант Улстай Монгол Улс 2007 онд дипломат харилцаа тогтоожээ. Тус улсын ханхүү, Газрын тосны сайд зэрэг зочид хувийн журмаар Монголд ирж байсан. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Гадаад харилцааны сайд Л.Болд тус улсад айлчилжээ. Саудын Арабын Вант Улс дэлхийн газрын тосны нөөцийн дөрөвний нэгийг ганцаар эзэмшдэг, бүс нутагтаа эдийн засгийн хөгжлөөр тэргүүлдэг юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар мэдээлэв.