Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д албан айлчлал хийлээ



Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-20-ны хооронд БНСУ-ын Сөүл хотын даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийгээд иржээ. Сөүл хотын ИТХ-ын дарга Янг Жун Юүгтэй уулзсанаар албан ёсны айлчлал эхэлсэн байна.

Уулзалтаар ноён Янг Жун Юүг урд нь Улаанбаатар хотод айлчилж байсан тухайгаа дурьдаж Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Сөүлийн Ой” төсөл, төрөлхийн хорт хавдартай хүүхдийн зардлыг нь бүрэн хариуцан Солонгос улсад авчран эмчлүүлсэн зэргээр хамтын ажиллагаан хүрээнд хийж хэрэгжүүлсэн зарим ажлынхаа талаар ярьж байсан юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эгч, дүү хоёр хотын харилцааг таслалгүй байлгахад энэ айлчлалын гол утга учир оршиж байгаа” гэдгийг онцлоод Сөүл хотын Жүнгү дүүрэгт байрлах Монгол таун хэмээн нэрийдэж ирсэн гудамжийг эсвэл хотын төвийн аль нэг дүүрэгт “Улаанбаатар” хотын нэрэмжит гудамж бий болгон нэрийдэхийг хүссэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын суурийн төлөөлөгчийн газрыг байнгын ажлын байраар хангах тухай анхаарч ажиллахыг хүслээ. Уулзалтын төгсгөлд ноён Янг Жун Юүг урин дулаан цагаар Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урьж буйгаа уламжиллаа.

SH” корпорацитай хамтран ажиллана

НИТХ-ын дарга Ц.Сандуй, тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Р.Дагва нар Сөүл хотын Захиргааны “SH” Сөүл хаус барилгын корпорацийн захирал Бен Чан Хим, ИХ-ын төлөөлөгч Ким Ин Жэ болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уг уулзалтаар Улаанбаатар хотын агаарын бохирдол, Цэвэрлэх байгууламжийн асуудал дээр нэн түрүүнд, түргэн шуурхай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Ц.Сандуй илэрхийлээд, хамтран ажиллахаар санал солилцлоо. SH корпорацийн зүгээс Сөүл хот, корпораци, банк гэсэн гурвалсан уялдаанд тулгуурлан, хамтарсан алдагдалгүй ажиллах зарчим, туршлагыг судлахыг хүслээ.

Хоёр тал ярилцсаны үндсэн дээр талууд судалгааны баг томилон хамтран ажиллуулахаар болж, SH корпораци хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлсэн байна.

Нийтийн тээврийн салбарынхантай уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй, Улаанбаатар смарт карт ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхболор болон бусад албаны хүмүүс “Сөүлийн автобус корпораци”-ийн захирал Чо Жүн Сүхтэй уулзсан байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, хамтран ажиллах талаар санал солилцсон аж.

“Сөүлийн автобус корпораци”-ийн зүгээс Сөүл хотоор дамжуулан Улаанбаатар хотын автобус баазтай хамтран ажиллах, дулаан гарааш, зогсоолын төсөл дээр туршлага солилцон, хөрөнгө оруулах хэлбэрээр хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлсэн байна.

Төлөөлөгчид мөн Сөүл хотын зам тээврийн удирдлага, хяналтын төвөөр зочлон “Ухаалаг төлбөр”, BRT, Мониторингийн багцалсан хяналтын системтэй танилцаж нийтийн тээврийн олон асуудлуудыг хэрхэн хялбар аргаар шийдэж болох, Монголын нөхцөл байдалд зохицуулан хэрхэн нэвтрүүлэх талаар туршлага судалсан байна.

Ц.Сандуй тэргүүтэй төлөөлөгчид Сөүлийн Зам тээвэр хөгжлийн газрын дарга И Де Хён, дэд дарга И Вон Мүг болон холбогдох албаны хүмүүстэй уулзсан байна. Уулзалтын үеэр Ц.Сандуй “Бидний хувьд Улаанбаатар хотдоо зам тээврийн хувьсгал хийж бүрэн төгс шинэчлэлийн үндсэн дээр цогц системтэй болохыг зорин ажиллаж байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл Азийн хөгжлийн банк, Ю смарт ХХК-тай хамтран BRT төсөл Ухаалаг систем дээр хамтран ажиллаж байгаа боловч хэрэглэгчдийн сэтгэл ханамж тааруу үр дүн муу байгаа. Сөүл хот Зам тээврийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслүүд дээр зөвлөгөө өгч, хурдан хугацаанд дээрх бэрхшээлүүдээс гарах арга зам дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ.

Зам тээвэр хөгжлийн газрын дарга И Де Хён “Бидэнд туршлага бий учир та бүхэнд тусгай баг гарган хамтран ажиллах боломжтой. Мөн зарим техник хэрэгслээр туслах боломжийг хууль эрх зүйн хүрээнд судалж, эргэн танилцуулья” хэмээгээд цаашид нягт хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.
Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ