ЭХЭМҮТ-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа



ЭХЭМҮТ-ийн хамт олныг Монголынхоо эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн төлөө сэтгэл харамгүй зүтгэж ирснийг төрөөс үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өнөөдөр шагналаа.

 

Анх үүссэн цагаасаа л гадны туршлагыг өөрийн орны хөрсөн дээр буулгаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чин зориг, эрмэлзлэл дүүрэн ажиллаж ирсэн арвин баялаг түүхтэй хамт олон юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Эрүүл мэндийн салбарт ачаа хүнд байдаг хэдий ч бахархах үйл явдал олон байдаг. Түүний нэгэн жишээ өнөөдрийн энэ төрдөө үнэлүүлж, төрийн хүндэт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа явдал юм.

Өнөөдөр Монголын эх, үрсийг эрүүл саруул бойжуулахын төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байдаг эмч, сувилагч, асрагч, үйлчилгээний ажилчдын хөдөлмөр бүтээлийг үнэлсэн энэ сайхан шагнал бол хүн болгоны энгэр дээр гялалзах мэт хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол танай байгууллагын ажилчдын бүгдийнх нь ажлыг үнэлсэн шагнал гэж бодож байна.

Үнэхээр эрүүл мэндийн салбарын ажилчид нойр, хоолгүй зүтгэдэг, оюун ухаанаа дайчлан ажилладаг, үнэхээр чадварлаг, оюунлаг, эрдэмлэг эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олон байдаг юм.

Бид ийнхүү нүдээ олсон шагналыг хүлээн авснаараа илүү их судалгаа шинжилгээний ажлуудаа онол практикт нэвтрүүлж, олон аавын хайр ивээл болсон үр хүүхдүүдийг амьдралын ээдрээтэй мөчүүдээс аварна гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэн минь улам их амжилт гаргаарай, улам их сэтгэл зүрхээ зориулан ажиллаарай гэж баярын нулимстай хэллээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр энэхүү баярт мөчөө ирсэн зочидтойгоо хуваалцан, Монгол улсын орчин цагийн анагаахын ууган эмнэлгүүдийн нэг эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлж байгаа төв эмнэлгийн тулгын чулууг тавилцан ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд, дэмжих үйлчилгээний ажилтнууд, эрдэмтэн багш, судлаач нар, үе үеийн захирал, удирдлагууддаа баяр хүргэлээ.

Тэрээр цааш хэлэхдээ, ЭХЭМҮТ-өөс Монгол улсын хүүхдийн анагаах ухааны орчин үеийн бүхий л салаа мөчир салбарлан хөгжсөнийг тэмдэглэн хэлье. Монгол Улсын хүн амыг 3 сая болж хөгжихөд манай үе үеийн хамт олон үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Тэртээ 1930 онд 15 ортой хүүхдийн тасаг байгуулагдаж байсан тэр үеэс эхлэн 90 гаруй жилийн дотор улсын хэмжээний үйлчилгээтэй, оношилгоо эмчилгээний өндөр чадавхтай, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг болтлоо хөгжлөө гэв.

Тус хамт олон Монгол улс орчин үеийн анагаах ухааны амаргүй нэгэн салбар болох эх, хүүхдийн салбарын баттай суурийг тавьж, хөгжүүлж чаджээ. Тухайлбал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2012 онд “Эрүүл хүүхэд” аян, 2014 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааг манлайлан ажилласан байна.

Нөгөөтэйгүүр үе, үеийн төр, засаг, Эрүүл мэндийн яам эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр онцгой анхаарал хандуулж, эх, хүүхдэд зориулсан тусламж, үйлчилгээг сайжруулах, чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр НҮЭМ-ийн үндэсний хэмжээний дөрвөн хөтөлбөр, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах үндэсний хоёр стратегийг хэрэгжүүлж, олон улсын байгууллагуудын дэмжлэг, туслалцааг чиглүүлэхэд онцгой анхаарал хандуулж ирсэн юм.

 

Эх сурвалж : Эрүүл мэндийн яам

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ