Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв



Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.26/ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Б.Батзориг, М.Билэгт, Б.Ундармаа, А.Ундраа нар өргөн мэдүүлэв. 
 
Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл болохыг Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар онцлов. Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 
2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих Хууль тогтоомжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3-т заасан олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчим, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах, бодитой, ил тод байх, 5.3.1, 5.3.2-т заасны дагуу оролцоог хангах эрх зүйн арга ажиллагааг зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэрэгжүүлэх механизмыг шинээр бий болгох шаардлага тулгарч байгаа тул Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг  3 бүлэг, 15 зүйлтэйгээр  боловсруулжээ. 
Тус хуулийн төслийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад оршиж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулахаар төсөл тусгажээ. Түүнчлэн хуулийн төслийн хоёрдугаар бүлэгт зөвлөлдөх санал асуулга, түүнийг зохион байгуулах талаар нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан байна.
Эх сурвалж : Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ