Монгол улс НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн орноор элссэний 55 жилийн ой тохиож буй 2016 онд Ази-Европын дээд түвшний “АСЕМ”-ийн 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Энэ үйл явдлыг тохиолдуулан “Тэнгэрийн өрх” уран бүтээлийг зориулж, бүтээн Их Жанжин Сүхбаатарын талбайн урд цэцэрлэгт байрлуулж өнөөдөр нийтэд дэлгэлээ. Нээлтийн ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон нийслэл хотын удирдлагууд оролцлоо.
Энэхүү уран бүтээлийг Урчуудын эвлэлийн гишүүн зураач Адъяабазарын Чадраабал бүтээсэн байна. Тэрээр Энэхүү бүтээлдээ таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрлөхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрслэх урлагийн хэлээр мөнхжүүлэн үлдээжээ.
Тэнгэрийн өрх уран бүтээлийн нүүрэн талд АСЕМ-ийн 11 дэх удаагийн уулзалтанд улс орноо төлөөлөн оролцсон дэлхийн 53 улсын тэргүүн, Олон улсын байгууллагын дарга нарын гарын үсгийг товойлгон цутгаж ард талд нь дэлхийн улс орнуудын газрын зургийг байршуулжээ. Хөшөөг ар талаас нь харахад өрхийг нь татсан монгол гэрээс тэнгэр огторгуйг тольдож буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр бүтээжээ.Үүгээрээ Дэлхийн бодлогыг монгол гэр дотроо хэлэлцсэн гэх санааг илтгэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.