Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон албаны бусад удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2017 оныг нийслэлчүүдтэйгээ хамт угтлаа. Нийслэлийн иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-ний үдэш төв талбайдаа цуглан, шинэ оноо хамтдаа угтдаг уламжлалтай. “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд МУГЖ Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, дуучин Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцсон юм.
Хоёр он солигдох торгон мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэнд хүргэе. Бид улиран одож буй 2016 онд иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрөө батлуулсан. Улмаар та бүхэндээ өгсөн амлалтаа ажил хэрэг болгож эхэлсэн билээ. Үндсэн хуульд тунхагласнаар иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах ёстой. Тиймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь иргэдийг аз жаргалтай байлгахад чиглэгдэх учиртай. Тэр ч утгаараа та бүхнийхээ, нийслэлчүүдийнхээ санал сэтгэгдлийг хөгжлийн бодлогодоо тусгаж, нийслэлээ хамтдаа хөгжүүлэх болно. Бидний ажлыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Ингээд 2017 онд эрхэм нийслэлчүүддээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Тус цэнгүүнийг үзэж сонирхсон залуус тээврийн хэрэгслээ Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолд байршуулах боломжийг бүрдүүлэв. Мөн “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүний үеэр нийт 500 гаруй цагдаагийн албан хаагч Д.Сүхбаатарын талбайд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.