Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Засгийн газрын 9 дүгээр тогтоолын дагуу зохион байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Ингэхдээ иргэдийн санал хүсэлт хүлээн авч ажилладаг нэг цэгийн үйлчилгээг “Угтах” үйлчилгээ нэртэй болгожээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь иргэдтэйгээ ойр ажиллах, тэдний санаа бодлыг хүлээн авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах, хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-т “Угтах үйлчилгээ”-г нэвтрүүлж 7043-1111 дугаарын утсыг тогтмол ажиллуулж байна.
Өнгөрсөн 9 сараас хойш угтах үйлчилгээнд иргэдээс нийт 117 санал хүсэлт, өргөдөл гомдол ирсэнээс 96 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн 82.1 хувьтай, 21 өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй 17.9 хувьтай явж байна.
Угтах үйлчилгээнд энэ 11 сард Жаргалант сумын Рашаант багийн 36 айлын орон сууцны иргэд орон сууцны халаалтын асуудлаар хамгийн олон удаа гомдол тавьж байгаа бол, шинээр баригдсан Домбот хотхоны оршин суугчид байрны орчинд хүүхдийн тоглоомын талбай байгуулах,эмх замбараагүй машины хөл хөдөлгөөнийг зохицуулж өгөх саналууд ирээд байна.
Иргэдээс ирсэн саналуудыг Угтах үйлчилгээний ажилтан бүртгэн авч, аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтэс агентлагт уламжилж,гомдол,санал өгсөнд иргэнд хариу мэдээлэл өгч байна.