Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан.
2017 оны эхний өдрөөс хэрэгжиж буй энэ шийдвэрийн талаарУлаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас тодрууллаа.
Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчээр хангадаг. Үүний 90 орчим хувь буюу 120 мянга гаруй өрх хоёр тарифт тоолууртай. Өнөөдрөөс хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолд 120 мянга гаруй өрх хамрагдах боломжтой байна. Бусад хэрэглэгчийн хувьд өдөр шөнийн тарифтай тоолуур худалдан авч тавьснаар энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болно. Нийт 120 мянган айл өрхийн 6 мянга нь цахилгааны халаагуурын асуудлаа шийдсэн байна.
Энэхүү Засгийн газрын энэ тогтоол нэгдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын 01 хүртэл хэрэгжих бөгөөд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх юм.
Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх шаардлагатай. Одоогоор энгийн тоолууртай 20 мянга гаруй хэрэглэгчид байна. Барилгын худалдааны төвүүдээр Стандарт хэмжил зүйн газраас туршилтад орсон баталгаажсан тоолуурыг 80 орчим мянган төгрөгөөр худалдаалж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаас "Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан цахилгаан эрчим хүчний хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.