Бичсэн: Д. Мандахнаран (Токушимагийн Их Сургуулийн докторант, их эмч - Япон)
Шинжлэх ухааны тодорхой нэг салбарын тухай, эсвэл тодорхой нэг ойлголтын тухай богино хугацаанд нэн цэгцтэй мэдлэг авахыг хүсвэл Английн Oxford Press хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг The Very Short Introduction Series номнуудыг санал болгоно. Жижиг хэмжээтэй боловч байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан, улс төр, урлаг гэх мэт тодорхой нэг салбарын хамгийн чухал ойлголтуудыг маш ойлгомжтой баримт факт, олон төрлийн анализ, шинэлэг санаа, ирээдүйн чиг хандлага дээр тулгуурлан тайлбарлаж бичсэн уг цуврал хамгийн анх 1995 онд "The Very Short Introduction Music" хэмээх ном гарснаар эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 498 дахь цуврал ном нь гараад байгаа. Үнэндээ эдгээр номнуудыг тухайн салбарын тухай ямар нэгэн ойлголтгүй хүн төдийгүй оюутан судлаач, багш профессор гэх мэт хэн бүхэн унших боломжтой, тухайн салбарын хамгийн шилдэг экспертүүдээр бичигдсэн тун гайхалтай бүтээлүүд. Таны мэдлэгийн их санд ямар нэгэн хоосон зай байгаа юм биш биз? Тэгвэл та энэ цувралыг уншаарай. Цаасан хэвлэл болон Kindle-ийн аль алинаар унших боломжтой.
Бичсэн: Г.Түвшинзаяа (Колумбын их сургуулийн магистрант - АНУ)
1964 онд Их Британиас манайд байнга суух анхны Элчин сайд Рэжиналд Хиббэрт Улаанбаатарт ирэхдээ орчин цагийн Монголын талаар ердөө хоёрхон мэдээллийн эх сурвалжтай байсан гэдэг. Тэдгээрийн нэг нь Шанхайд Их Британийн Ерөнхий консулаар ажиллаж байсан тагнуулч Брайан Стюартын 1962 онд Монголд ирэхдээ бичсэн тагнуулын мэдээ. Төд удалгүй 1963 оны эхэнд Их Британи Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны барууны улс болсныг бодвол энэхүү мэдээ бидэнд түүхийн чухал ач холбогдолтой нь дамжиггүй.
Брайан Стюартын хүү Рори Стюарт өдгөө Их Британийн Парламентын гишүүн бөгөөд түүний аавтайгаа хамт домогт Адрианы хэрмийн дагуу алхсан аяллынхаа талаар бичсэн The Marches хэмээх бүтээл нь энэ жил миний уншсан хамгийн онцлох ном байлаа. Номонд өгүүлснээр бол хүнд өөрийнхөө тухай хийгээд улс орныхоо талаар таньж мэдэхэд алхахаас өөр шалгарсан арга үгүй аж. Ирээдүйд Монгол Улсаа хөндлөн гулд алхаж, өөрийгөө болон хором тутам өөрчлөгдөж буй эх орноо ойлгох хүсэлтэй хэнд ч энэ ном асар сонирхолтой байна байх аа.
Рори Стюарт өмнө нь Түркээс Бангладеш хүртэл 10,000 км алхаж байсан цуутай эр. Тэр байтугай 30 насандаа Иракийн хоёр мужийн Дэд захирагчаар хүртэл ажиллаж байв. Түүний эдгээр дурсамжуудынхаа талаар бичсэн The Places in Between, The Prince of the Marches хэмээх бүтээлүүд миний ширээний ном болоод олон жил өнгөрчээ.
Бичсэн: Г.Ану (Блоггер, AnuHarchu.com)
Мари Кондогийн (Marie Kondo) The Life-Changing Magic of Tidying Up номыг нэрлэе. Амьдралаа илүү цэгцтэй болгох "КонМари" гэх энэ аргачлал энэ жил дэлхий даяар хаа сайгүй тархсан. "Гилморийн охид" цувралын шинэ ангиуд дээр хүртэл энэ номыг хальт шоглоод авсан. Сургуульд бид нарт хичээлээ яаж хийхийг заадаг ч, гэрээ яаж цэвэрлэхийг бид гэрээсээ л сурдаг. Өөрөөр хэлбэл өөрөө өөртөө заадаг гэдгийг номын эхний бүлэгт оруулсан байдаг юм. КонМари аргачлал зөвхөн өөрт аз жаргал авчрах зүйлсээр л өөрийгөө хүрээлүүлэхийг заадаг. Гэрээ КонМари-гаар нэг удаа л цэгцэлнэ, дахин цэгцлэх шаардлагагүй. Минималист хэв маягийг өөртөө төлөвшүүлж байгаа хүний хувьд Мари Кондогийн ном зүрхэнд ойр туссан юм. Бодлоо, өрөөгөө, гэрээ, ажлаа цэгцэлье гэж бодож байгаа бол хэдхэн хуудастай энэ номыг нэг өдөр бариад суухыг зөвлөж байна.
Бичсэн: Ш.Алтанбагана (Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч)
"Далд нөлөөлөл" нь нийгмийн сүлжээний маркетингийн гол сурах бичиг болсон "Contagious" бестселлер номын зохиогч, маркетингийн профессор Жона Бергерийн шинэ ном юм. Хүмүүс худалдан авах, мэргэжил сонгох зэрэг шийдвэрүүдийг өөрийн хувийн итгэл үнэмшил, үзэл бодолд тулгуурлаж гаргадаг гэж итгэдэг. Гэтэл нуугдмал нийгмийн хүчин зүйлс хүмүүсийн зан төлөвийг тодорхойлж, нөлөөлдөг байна. Заримдаа бид эргэн тойронд буй хүмүүсийн хийж буй, худалдан авч буй зүйлд татагдаж, тэднийг дагадаг. Зарим тохиолдол хүн бүр тэр зүйлс рүү хошуурч эхлэхэд дургүй хүрч, сонирхохоо болих нь бас бий. Нийгмийн нуугдмал нөлөөлөл ямар хэлбэртэй, хэрхэн явагддаг, хэрэглэгчийн сонголт, худалдан авалтын шийдвэрт яаж нөлөөлдөг талаар энэ номоос уншаарай.
Бичсэн: У.Бямбаням (Гэрэг сэтгүүлийн эрхлэгч)
Энэ жил уншсан номуудаас уран зохиолын болон уран зохиолын бус хэдэн номыг онцолъё.
Уран зохиол
Гар дээр ирээд 24 цаг ч болоогүй Д.Норовын “Тэжээвэр” тэргүүн шилмэл бүтээлийн чуулганыг нэрлэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгт, Монголын орчин үеийн уран зохиолын хэмжигдэхүүн дэлгүүрт номоо борлуулж буй хэдхэн зохиолчоор жинлэгдэж буй энэ үед уншигчдад, ялангуяа залуучуудад монгол зохиолчдын талаар өөрийн гэсэн үзэл төлөвшихөд энэ бүтээл туслах болов уу. Хоёрт, тухайлан сонгосон зохиолчийн бүтээлийг мэргэжлийн үүднээс үнэлж, цэгнээд сонгомол маягаар хэвлүүлж байгаа нь уншигчийн хувьд хамгийн талархууштай хэрэг. Гуравт, уран зохиолыг эрхиний тоогоор 108 боть болгон хэвлэж хэвшсэн уламжлалаас тэс өөр, өөрсдийн гэсэн хэмжүүр, бичлэгийн өнгө аяс, зохиолчийн авьяас чадварыг харгалзаж буй нь энэ цувралыг онцлох гол шалтгаан.
Хүүрнэлүүд нь ч яг шүлэг шиг бичигддэг Гүржавын Нямдоржийн "Бэнсэн үлгэр" хэмээх анхны хүүрнэл зохиолын түүвэрт нь бичлэгийн содон хэв маяг, яруу найраг шиг гүн сэтгэгдэл үлдээх бүтээлүүд багтсан байна билээ.
Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" зохиолыг бас дурдъя. Кэмбрижийн их сургуульд уншсан лекцээс эхлэлтэй энэхүү эсээ хэлбэрээр бичигдсэн тууж нь Виржиана Вүүлфийг нэр хүндтэй зохиолч болох зам хөтөлсөн гэх нь бий. Учир нь эмэгтэйчүүдийн эрх, нийгэмд эзлэх байр суурийг зоригтойгоор бичсэн нь эмэгтэй голцуухан уншигчдын дунд ихэнд түгсэн юм билээ.
Мөн алдарт Г.Г.Маркесын эхнэртээ зориулан бичсэн хайр дурлалын тухай гойд роман болох "Тахлын үеийн дурлал". “Зуун жилийн ганцаардал”-д бишрэнгүй ханддаг уншигчдад хандаж хэлэхэд энд ид шид, элдэв бусын хэтийдсэн ёр билгийн дүрслэл багатай зохиол. Харин хайр сэтгэл, дотор бачуурам шаналлыг уншиж буй хүнд амтагдтал бичсэн байдаг.
Уран зохиолын бус
Кэмбрижийн их сургуулийн доктор Э.Булагийн бичсэн "Монгол дахь үндэсний үзэл ба эрлийзжил" хэмээх бүтээл хэдийгээр антропологийн ном боловч яг өнөөдөр Монголын нийгэмд өрнөж буй үндэсний үзлийн хэнээрхэл, яс угсаагаар төвлөх үзэл, Хятадаас эмээх хандлага, эрлийзжилийн асуудал олон давхар сэдвийг судалгаа, баримтаар нотлон бичсэн сонирхолтой ном. Орчуулга болон редакторын ажиллагаа тун чамбай хийгдсэн байна лээ.
Түм түжигнэсэн галт тэрэгний буудалд цайны мухлаг ажлуулдаг асан, ядуу дорд гаралтай хүү хэрхэн дэлхийн хамгийн том ардчилсан орны гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон талаар бичсэн Ланс Прайсын "Моди үзэгдэл" (The Modi Effect) энэхүү ном гүн сэтгэгдэл төрүүлсэн.
Зохиолч, яруу найраг Г.Аюурзанын сүүлийн ном “Тэнгэрийн судар” бол баримтат бүтээл. “Монголын Нууц Товчоо”-ны үйл явдал, хэлц хэллэг, танивар дохиог судалгаа, зарим тохиолдолд зохиолч хүний уран сэтгэмжээр тайлбарласан бүтээл. Түүхэн үйл явдал бишрэнгүй ханддаг уншигчдад санал болгох номын нэг.
Непко паблишингийн дэлхийн болон Монголын суутнуудын талаарх "Хүмүүс түүх бүтээдэг" хэмээх баримтат бүтээлийн цуврал. Гадаадаас манай эрин зууны хамгийн бадрангуй түүхтэн, физикч Стивэн Хокингийн тухай ном таалагдсан. Харин Монголын суутнуудаас Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын тухай бүтээлүүд сонирхолтой. Монгол хүмүүсийн талаар бичсэн зарим бүтээлүүд нь уянгын халилаа бага зэрэг хэтрүүлснийг эс тооцвол энэ цуврал онцлууштай.
Түүнчлэн Д.Баярсайхан, Кристофер Атвуд нарын "Ил-хаадын судлал: Шинэ хандлага" ном түүхэн судалгааны талаас энэ онд уншсан хамгийн “мөлжүүртэй” бүтээл байлаа. Төдийлөн гүн судлагдаагүй Ил-хаадын сэдвийг дагнан судалдаг хоёр судлаачийн эмхэтгэсэн, судалгааны өгүүллийн чуулбар.
Бичсэн: Д.Ганзориг (Unread-ийн үүсгэн байгуулагч, редактор)
Энэ жил гарсан монгол номуудаас Фулбрайтын тэтгэлгээр АНУ-д суралцсан Б.Хонгорзулын бичсэн "Гадаадад магистрт суралцах арга зам" залуучуудад тун хэрэгцээтэй ном болсон гэж бодож байна. Гадаадад тэтгэлэгтэй суралцах арга замуудыг зааж өгч, 40 орчим залуусын танилцуулга, өргөдөлдөө бичсэн эссэ зэргийг хавсаргасан нь үнэ цэн мэдээлэл болсон байна лээ.
Монсудараас эрхлэн гаргасан "Монголчууд" түүхийн зурагт тайлбар ботиудыг мөн онцлох ёстой. Түүхийн ном гэхээр л урт удаан, олон үйл явдлын дараалал байдаг хэв маягийг эвдсэн, Монголын түүхийн урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй шинэ тутам зургуудтай нэн сонирхолтой цуврал. Үргэлжлэх гарах ботиудыг нь хүлээж байгаа.
Мөн хүн бүр шинэ оны зорилтоо тавьж байгаа энэ өдрүүдэд унших хэрэгтэй, урам зориг, эрч хүч авах номоор өөрсдийн гаргасан "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлагын эмхэтгэл номоо санал болгоё.
Бизнесийн номуудын тухайд энэ жил Стив Жобс, Элон Маск нарын намтар шиг шуугиан тарьсан, алдартай зохиогчдын бичсэн буюу бизнесийн алдартны намтар ном харьцангуй цөөхөн байлаа. Миний хувьд, орчин цагт сайн төвлөрч, сошиал медиа ба мэдээллийн урсгалд автахгүй байхын чухлыг өгүүлсэн Кал Ньюпортын "Deep Work" ном ихэд таалагдсан. Энэ чиглэлд орчуулгын номууд ч тийм олон гараагүй. Роберт Чалдинигийн "Нөлөөлөл", тун саяхан хэвлэгдсэн "Жек Ма-гийн бүтээсэн Алибаба", өөр хүмүүсийн орчуулгаар гарсан "Старт-ап үндэстэн" зэрэг номыг дурдаж болно.
Эцэст нь 36 сайт, медиа сувгаас гаргасан "оны хамгийн сайн номууд" жагсаалтад анализ хийн, энэ жагсаалтуудад аль номууд хамгийн олон дурдагдсаныг харуулсан Quartz-ийн нийтлэлийг санал болгоё.