Япон Улсын Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа



Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд ноён Масато Такаокад Элчин сайдаар томилогдон ажиллаж эхэлсэнд нь баяр хүргээд Монгол Улсад тавтай морилохыг хүсэв.

Тэрбээр “Япон Улсыг бидэнд элгэмсэг дотно ханддаг, байнга тусалж дэмжсээр ирсэн сайн түншээ гэж монголчууд үздэг. Гадаад харилцааны өргөн баялаг туршлагатай Ноён Элчин сайд Таныг Монголд ажиллах хугацаанд Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа улам өргөжин гүнзгийрч, их амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэв. Мөн Монгол Улсын ардчилал шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглээд, Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаах ухааны их сургуулийн дэргэд эмнэлэг байгуулах, 1000 инженер бэлтгэх зэрэг томоохон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг дурдав. Түүнчлэн “Өвсний үндэс” хөтөлбөрийн шугамаар Монголын нийгмийн олон салбарт маш үр дүнтэй бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажлууд хийгдсэнийг онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд “Улс төрийн итгэлцэл урьд өмнө байгаагүйгээр гүнзгийрч, харилцан айлчлалын давтамж нэмэгдлээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Японы Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн зун Улаанбаатарт болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ манай төр, засгийн өндөр дээд түвшний хүмүүстэй уулзсан, оны өмнөхөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилсан” хэмээн тэмдэглэлээ.

Ноён Масато Такаока УИХ-ын даргыг хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд “Японд нэгдүгээр сарын 1-3 амралтын өдөр байдаг. Өнөөдөр шинэ оны албан ёсны ажлын эхний өдөр Та хүлээн авч уулзаж байгаа нь ажил маань урагштай, бүтэмжтэй, шинэ эрч хүчээр дүүрэн байхын бэлгэдэл боллоо. Монгол Улсад ирснээс хойш ердөө 7 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих боломж олдсон. Энэ бүхнийг би Монголын төр засаг, ард түмний Япон Улс, япончуудад үзүүлж буй гүн хүндэтгэл, итгэл гэж хүлээн авч байна” гэлээ.

Тэрбээр “Та 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны гадаад айлчлалаа Японоос эхэлж байсан. Тэр үеийн Ерөнхий сайд Ж.Коизүмитай уулзах үеэрээ Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын асуудлыг анх хөндөн тавьж байсан нь одоо нэгэнт ажил хэрэг болж байна. Тус нисэх буудал Япон, Монголын сайн харилцааны бэлгэ тэмдэг болох болно” гэж онцлоод нисэх буудлын менежементийн асуудлыг ойрын үед шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг УИХ-ын даргаас хүслээ.

Ноён Масато Такаока 2016 оны 6-р сараас Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг тэмдэглээд энэ нь хоёр орны хоорондох гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд М.Такаока нар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийх айлчлалын асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга М.Энхболд “Айлчлах нэг хэрэг. Үр дүн хамгийн чухал. Энэ үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирвол сайн байна. Энэ баримт бичиг манай хоёр орны хамтын ажиллагааны ойрын ирээдүйг тодорхойлох болно” гээд айлчлалыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён Элчин сайдаас хүслээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэгийн асуудалд анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Ноён Масато Такаока “Баялаг ихтэй, боломж өндөртэй орон бол Монгол. Монгол орон хөгжин цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Танай улсад тохиогоод буй санхүүгийн хүндрэлийн асуудлыг Японд сайн ойлгож байгаа. Санхүүгийн дэмжлэгийн хувьд ОУВС-тай хийх яриа хэлэлцээ маш чухал. Айлчлалыг амжилттай зохион байгуулахын тулд хичээх болно” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Элчин сайд Масато Такаокаг бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно гээд ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы найрамдлын бүлгийн дарга Д.Сумъяабазар байлцлаа.

Эх сурвалж : УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ