Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.05/ нэгдсэн хуралдаан үдээс хойш 15 цаг 34 минутаас үргэлжилж, эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн юм.
Улсын Их Хурлаас 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр баталсан Хууль тогтоомжийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхөөр байсныг хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хуульд заасан аргачлал, журмыг батлах зэргээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон.
Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн төслийн болон хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх зэргээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл явцыг хангахад ач холбогдолтой хууль болсон. Энэ хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас уг хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлээр Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан эсэх талаар танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасны дагуу Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар болон хуулийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан. Энэ үндсэн дээр Засгийн газрын хуралдаанаас Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад; Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эрхлэх асуудлын хүрээндээ хуульд заасан аргачлалуудын дагуу судалгаа, үнэлгээ хийх чиг үүргийг хариуцах албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгах, тэдгээрийг чадавхижуулж, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг сайд хэллээ.
Мөн уг хуулийн үзэл баримтлалын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаархи санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.
Хуулийн төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-12.1.6-д заасны дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан аргачлалд тусгасан, эдгээр аргачлалын дагуу судалгаа, үнэлгээ хийх болон зардлыг тооцох шаардлагагүй хууль тогтоомжийн төслийн хүрээг тодорхойлсон байна. Мөн хуульд заасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээ хийх асуудлууд нь агуулгын хувьд давхардсанаас хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байх тул хуулийн төсөлд хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, хууль тогтоомжийн үр дагаврын үнэлгээ хийх асуудлыг нэгтгэхээр тусгажээ. Түүнчлэн хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх хугацаа 1 жил байхаар заасныг хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хэл зүй, найруулгын тухайд ойлгомжтой, тодорхой болгох үүднээс найруулгын шинжтэй зарим өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, Г.Занданшатар, Л.Болд, Я.Содбаатар, С.Чинзориг, О.Содбилэг, О.Баасанхүү, Н.Оюундарь нар төсөл санаачлагч болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, З.Нарантуяа, О.Баасанхүү, С.Бямбацогт, Н.Оюундарь нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Иймээс хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын таван гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд уг хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэлдээ, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж боловсруулсан. Олон намын төлөөлөлтэй Улсын Их Хурал байх үед олонхийн зөвшилцлөөр гаргасан хуулийг суурь болгох нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай өмнөх хуульд байсан шаардлагатай гэж үзсэн зарим зарчим, зүйл, заалтуудыг тусгасныг дурдав.
Уг хуулийн төсөл нь нийт 14 бүлэг, 103 зүйлтэй агаад Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг төсөлд хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ. Мөн 2016 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассаны зэрэгцээ ойлголтын зөрүүтэй зарим заалтуудыг тодруулж өөрчлөн найруулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсныг шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор, нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авдаг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон байна.
Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэд нэмж оруулах шаардлагатай гэсэн саналыг Сонгуулийн төв байгууллагаас гаргасныг төсөлд тусгажээ. Мөн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын зарцуулалтын зэрэгцээ сонгуулийн зардлын төлөвлөлтөд төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулж байх асуудлыг нэмж зохицуулжээ. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ. Харин Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд хэвээр үлдээсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо энэ оны эхний хуралдаанаараа уг хуулийн үзэл баримтлалын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан юм.
Хуулийн үзэл баримтлалын төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, О.Баасанхүү, С.Чинзориг, А.Сүхбат, Л.Болд, Т.Аюурсайхан, Н.Амарзаяа, С.Жавхлан нар асуулт асууж тодруулав. Төсөл санаачлагч гишүүн Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчсөн заалт огт байхгүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямар шалгуур шаардлагыг хангасан байх талаархи Үндсэн хуулийн заалтыг үг үсэг, цэг таслалаар нь энд оруулсан байгаа. Мөн өмнө нь мөрдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой заалтыг тэр хэвээр нь авч тусгасан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүн байх уу, нам бус хүн байх уу гэдэг нь сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй намын эрх мэдлийн асуудал. Сонгуулийн сурталчилгааны тухайд өмнө нь 17 өдөр байсныг энэ төслөөр 22 өдөр болгон нэмэгдүүлж, нэр дэвшигч нь бүртгүүлсэн өдрөөсөө сурталчилгааны ажлаа эхлүүлэх боломжийг нээж өгсөн гэдгийг тодотголоо.
Хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж, Б.Пүрэвдорж, Л.Болд, С.Жавхлан, Н.Цэрэнбат нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгуулиар хандив өгдөг явдлыг болиулж төрийн тэргүүнийг мөнгөнөөс холдуулах хэрэгтэй байгааг ажлын хэсэг хэлэлцүүлгийн явцад анхаарахыг санал болгож байв.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 43 нь буюу 86.0 хувь нь дэмжив. Иймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.