Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймагт ажиллалаа. Энэ хугацаанд Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажил байдалтай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчидтай уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр Дэд сайд Эрүүл мэндийн яамнаас баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулан, тэдний асуултад хариулт өгч, саналыг нь сонссон юм. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан аймгийнхаа эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцууллаа.
Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Х.Жаргал, Говь-Угтаал сумын Сум дундын эмнэлгийн дарга Нандин-Эрдэнэ нар мөн эмнэлгийнхээ үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулан мэдээлэл өгөв.
Дэд сайд Л.Бямбасүрэн Нэгдсэн эмнэлгийн бүх тасгуудаар орж үйл ажиллагаатай танилцан өвчтөн болон ар гэрийнхэнтэй уулзаж, эмнэлгийн үйлчилгээний талаарх санал сэтгэгдлийг сонслоо. Энэ үеэр Тасгийн эрхлэгч нар тасгийнхаа үйл ажиллагаа, онцлогийг танилцуулан дэд сайдын сонирхсон асуултад хариулт өгч, зөвлөгөөг нь сонссон юм. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд хийгдэж буй цусны салбар төвийн барилгын засварын ажилтай танилцлаа. Энэ төслийн шугамаар 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.
Харин тус аймгийнхны зүгээс Нэгдсэн эмнэлэгт нэн түрүүнд шаардлагатай байгаа 4D дүрс оношилгооны аппарат, хагалгааны гэрлийн асуудлыг шийдвэрлэж өгөх, сум, өрхийн эмч нарыг хүүхэд, эмэгтэйчүүд, эх барихын чиглэлээр богино хугацааны баримжаа олгох сургалтад хамруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилтийг судлан шийдвэрлэх зэрэг асуудлыг Эрүүл мэндийн яаманд уламжиллаа.
Дэд сайдын хамтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Глобаль сангийн төслийн ажилтан Ч.Бямбаа, С.Ганзаяа, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг нар ажиллалаа.